July 17, 2011

Нил цэцэг - Арчилгаа


Нил цэцэг, орос нэр нь Узамбарская фиалка, Сенполия, 
англи нэр нь Saintpaulia буюу African Violet

Энэ цэцгийг тарьдаггүй цэцэгчин гэж их ховор байх. Гадаадад "Сенполиягийн фэн клуб"-ууд хот болгонд байдаг. Гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж өгдөг, хүүхдийн өрөөнд цагаан, цайвар ягаан өнгөнөөс нь тавих сайн гээд энерги сайтай цэцгүүд дунд дээгүүрт орно. Жилийн турш цэцэглэдэг тул тасалгааны цэцэгсийн Хатан гэж ч зарим нь нэрлэдэг.
Нил цэцгийн уугуул нутаг нь Узамбарын уулс юм. Энэ нь Зүүн Африкийн Кени, Танзани улсуудын хэл орчим байдаг уулс. Нутагтаа ч мөн адил дөрвөн улирал цэцэглэдэг. Дулаахан гэрэлтэй орчин л байвал өөр олон юм шаарддаггүй, ямар ч хөрсөнд ургаад байдаг. Зөв арчлах юм бол маш олон жил болдог. Цэцэг ургуулж эхэлж байгаа хүмүүст ургуулахад  зовлонгүй цэцэг. Архаг цэцэгчид ч мөн үүнийг цуглуулж, шинэ сорт гаргах, эрлийзжүүлэх гээд тарих их дуртай байдаг. Нэг үе миний нил цэцэгний коллекци 21 төрөл цэцэгтэй байв. Харамсалтай нь нүүдэл суудал гээд хүнд тарааж бараг дуусгав. Бүгдийг яраалгаад өрөөд эхнээс нь арчлаад суух үнэхээр сайхан шүү. Цонхны тавцан жижиг бол олон цэцэг тавьж болдоггүй, иймээс доорх зургуудаас хэн нэгэн санаа авах байх гээд тавив.  
Энэ манай цонх биш ээ :-)  Гэхдээ ийм адилхан олон үе тавиуртай 21 нил цэцэгтэй байв


Нил цэцэг нь өөр ямарч цэцэгтэй хамт хөршиж чаддаг, бусад цэцэглэж буй цэцэгний дунд тавьхад нийт композицийг гоё харагдуулдаг үнэхээр "найзархаг" цэцэг. Бүтэн жил ямар ч улиралд та худалдаж авч болно.
Худалдаж авахдаа юуг анхаарах вэ? 
- навч бүгд эрүүл өнгөтэй, зөв хэлбэртэй ургаж байх
- навчны таваг зөв дугуй хэлбэртэй байх
- аль болох олон цэцгийн булдуутай цэцэг сонгоорой. Булдуу нь дэлбээлээгүй байх
- цэцэглэж дууссан цэцэгний дэлбэйг нь сайн ажиглаарай. Дээр нь ямарваа нэгэн сэжиг бүхий хорхой, шавьж, өвчин зэрэг байх ёсгүй
- ишний ёроол харлаагүй, зөөлрөөгүй байх ёстой. Ишний ёроолоос эхэлж мууддаг мөөгөнцрийн гаралтай "хар хөлт" нэртэй өвчин байдаг
Гэрэл: Гэрэлсэг цэцэг гэж тооцогддог ч нарны гэрлийг үздэггүй. Урд зүгээс бусад цонхонд таардаг. Нарны хурц гэрлээс хамгаалж өгөөрэй. Гэрлээс хол байлгавал цэцэглэх нь муу, заримдаа огт цэцэглэхгүй ч байна. Навчны үзүүр борлож хатвал гэрэл ихэдсэн гэсэн шинж тэмдэг.
Цэцэглэлт: Жилийн дөрвөн улирал цэцэглэдэг ховор цэцгүүдийн нэг. Таны нил цэцэг цэцэглэхгүй байвал гэрэл дутсан байх шүү. Хүйтэн, эсвэл халуун салхинд дургүй, нэвт салхийг тэвчдэггүй. Цэцэгний хажуугаар ургасан жижиг "маамуу" цэцгүүдийг салгаж, тайрч авч байх хэрэгтэй. Энэ нь цэцэгний хүчийг хий дэмий аваад байдаг тул гарч ирэнгүүт аваад байх хэрэгтэй. Нэг цэцэг нэг л оройтой байх ёстой.  Цэцэглэсэн цэцэгний дэлбээ муудаж эхлэнгүүт цэцгийг хумсаараа тасдаж авч хаях хэрэгтэй. Хайч, хутганы оронд хумсаараа чимхэж авч бай гэж орос сайтанд бичсэнийг олон жилийн өмнө уншиж байсан юм байна. Мөн хуучирсан, хөгширсөн, хатсан зэрэг навчийг дор дор нь авч хаявал цэцэгний анхаарал зөвхөн цэцэг гаргахад чиглэгддэг.
Навч: Нил цэцэгний нэг онцлог нь ихэнхи сортууд нь дугуй тавган хэлбэртэй ургасан навчнуудтай байдаг тул зөв ургуулсан дугуй навчтай цэцэг их үнэлэгддэг. Навчны ийм тулгуур цагариг хэрэглэж зөв навчтай цэцэг ургуулдаг юм.
Мөн нил цэцгийн онцлог нь зарим навчийг тасдаад авахад "онгорхой шүд" шиг харагдаж байвал энэ дутуу навчтай хэсгийг дүүргэх гээд хамаг хүчээ шинэ навч гаргахад зориулдаг. Иймээс хөгшин, хуучин навчийг тасдахдаа цэцэгний навчин таваг тэгш пропорцитой байхаар тасдаж авна шүү. Доорх видеог үзэж байхад бас аль аль навчийг үлдээх вэ, алийг авч хаях вэ гээд бас ярьж байгаа. Шинэ цэцэгтэй болсон бол та юуны түрүүнд навчны тавгийг зөв хэлбэрт оруулж ургуулах хэрэгтэй. Үүний тулд зөв навчтай болтол цэцэгний булдуу болон жижиг "маамуу" цэцгүүдийг гарч ирэнгүүт нь тасдаж авч байгаарай.  Нил цэцэгчдийн дунд гоё өнгөтэй дэлбээтэй цэцэгтэй байхаас илүү зөв ургуулсан навчин тавагтай байхыг илүүд үздэг.

Навчны тавгийг зөв гаргаж авахын тулд цэцэгний булдуу, илүүдсэн навч, бөөрөнд наалдаж ургасан бут зэргийг тасдаж авах хэрэгтэй:  видео хичээл - орос хэл дээр 



Хөрс, сав:  Ер нь бол сийрэг, хөвсгөр хүлэрт хөрсөнд дуртай. Монголын нөхцөлд тэр болгон тусгай хөрс бэлдээд байх боломжгүй байдаг тул хүмүүс янз янзын хөрсөнд суулгасан харагддаг ба нил цэцэг нь ямар ч хөрсөнд зохицоод ургаад байдаг. Гэхдээ байнгын цэцэгтлэсэн эрүүл цэцэгтэй байлгая гэвэл хүлэрт хөрс бэлдэж суулгаарай. Би Японы "New Tokyo" дэлгүүрийн хөвсгөр хөрс аваад дээр нь бага зэрэг "Ялзмагийн бэлдмэл", хар шорооны бэлдмэл зэргийг "Цэцэг" төвөөс авч холидог. Савны доор заавал дренаж хийж өгөх хэрэгтэй. Жил бүр нил цэцгийн хөрсийг солих хэрэгтэй байдаг. Үндэс нь хурдан ургаж саглаадаг тул өөр саванд суулгана. Шилжүүлж суулгахдаа хуучин, хөгшин навчийг тасдаж авна, мөн муудаж эхэлсэн цэцгийг ишнийх нь доогуур нь хугалж авна. Цэцэгний орой нь 3-4 давхар үе навчтай байхад болдог.
Паалангүй шавар сав ямар ч цэцгэнд илүү тохирдог гэж үздэг
 
Нил цэцгэнд зориулсан өндөр суурь тавагтай хуванцар сав



Нил цэцгэнд зориулсан пааландсан (глазурьдсан) шавар сав.
Давхар савтай тул гаднах саванд нь ус хийж услахад амар байдаг  


Нил цэцгэнд зориулсан хуванцар сав,
доогуур услалт хийхэд тохиромжтой өндөр суурь тавагтай


Ямар сав сонгосноос хэр ойр ойр услаж байх нь шалтгаалдаг. Паалангүй шавар саванд суулгавал хуванцар саванд суулгаснаас илүү ойр услана. Шавар сав нь усыг нэвтрүүлдэг тул ханаараа усаа алддаг юм. Паалангүй шавар савны давуу тал нь "амьсгалдаг" гэж үздэг тул ус, агаар нэвтрүүлдэг "амьд" сав юм. Хэрэв гялгар паалантай шавар сав, эсвэл шаазан сав байх юм бол хуванцар савтай адилхан байна.  
Нил цэцгэнд зориулсан амьсгалдаг шавар сав

Нил цэцгэнд навтгар, өргөн сав илүү тохирдог

Сав сонгохдоо нам сав сонгох нь дээр байдаг. Нил цэцэгний үндэс урт биш, саглагар тул нам саванд хийж доогуур усалгаа хийхэд тохирдог. Суурь тавганд ус хийхэд  усаа өөрөө сороод авдаг. Иймээс доод суурь таваг нь өндөр байх хэрэгтэй. 
Ямар ч сав сонгосон доор нь заавал дренаж хийж өгнө
Усалгаа, тэжээл:
- Нил цэцгийг хүйтэн усаар услаж ер болохгүй!
- Навч болон цэцгэнд ус хүргэж болдоггүй!
- Усаар шүрсэж болохгүй!
Навч цагаан эрээн хээтэй болно, цэцэгний дэлбээ амархан муудна. Усалгааг долоо хоногт 2 удаа бүлээн усаар хийнэ. Дээрээс услахдаа анхааралтай байх хэрэгтэй. Доогуур усалгаа хэрэглэх нь цэцэгний үзэмжинд сайнаар нөлөөлнө, мөн үндэс иш илжрүүлэхгүй юм. Нил цэцгийн брэнд усалгаа бол "утсан усалгаа" байдаг.
Энэ услагчуудын жижиг 3 нь нил цэцэг услахад таарна.
Ар талын хоёр томын хошуу нил цэцгэнд тохирохгүй
Дээгүүр услах бол аль болох навч, цэцгийг гэмтээхгүй, ус хүргэхгүй байхыг хичээгээрэй
Өвлийн улиралд усалгааг багасгадаг. Хавраас намар хүртэл 2 долоо хоногт нэг удаа услах усанд нь шингэн бордоо хийж тэжээл өгдөг. Фосфор-калий агуулсан цэцгээр гоёдог цэцэгний бордоо хийх хэрэгтэй. Навчаар гоёдог цэцэгний азот агуулсан бордоо хийвэл мөд цэцэглэхгүйг анхаарна уу.
Хөрс чийгтэйдүү байх хэрэгтэй. Хөрсийг хатааж болохгүй, мөн агаарын чийгшэлт их байвал сайн байдаг. Үсэрхэг навчтай энэ цэцгийг усаар шүрсэж болдоггүй тул суурь тавагны доор усаар дүүргэсэн поднос тавихад их сайн байдаг. Гэхдээ нил цэцэгт ийм их анхаарал тавихгүй байсан ч ургаад, ямар ч хүний гарын аяыг даадаг хөөрхөн цэцэг.
Навчинд ус хүргэж болохгүй

Нил цэцэгчдийн хэрэглэдэг усалгааны гол арга - Утсан усалгаа
Энэ тухай урд Хичээл №1-д дэлгэрэнгүй бичсэн байгаа. 
Энд дарж харна уу: 
Үрслүүлэх аргууд: навчаар, бут хуваах, залуу бутнуудыг салгах гээд олон арагаар үрслүүлж болдог ч навчаар үрслүүлэх нь хамгийн түггэмэл юм. Хичээл №2 - "Нил цэцэг навчаар үрслүүлэх арга" гэсэн хичээлийг энд дарж үзнэ үү.

Доор тавьсан видео хичээлүүдийг үзэхэд илүүдэхгүй байх болов уу. Хэлийг нь ойлгохгүй байсан ч хараад санаа авах зүйлүүд байгаа.   

Нил цэцэг шилжүүлэн суулгах тухай видео хичээл - орос хэл дээр 
    

 Нил цэцгийг навчаар усанд үрслүүлэх видео хичээл - англи хэл дээр
  

Навчаар үрслүүлсэн цэцгээ саванд тусгаарлах нь - англи хэл дээр 
 

Хажуугаар ургасан жижиг бутнуудыг тасдаж шинээр үрслүүлэх - англи хэл дээр

Нил цэцгийг шилжүүлэн суулгах - англи хэл дээр

Нил цэцгийг усанд оруулж тоосноос салгах нь - англи хэл дээр

Энэ хүртэл уншсанд баярлалаа!  :-)

 
Ашигласан материал: http://dimetris.com.ua/