July 6, 2011

Крассула "Мөнгөний мод"

Крассула нь суккулент ургамал юм. Суккулент гэж өөртөө ус хуримталж хадгалдаг ургамлыг хэлдэг. Крассула нь газраар халиурсан, дээрээс унжсан, мод, бут гээд 300 гаруй төрлийн байдаг. Тасалгааны суккулент дотор зуун наст, кактус, угсаргана, зузаалай, халбаган навчит гээд олон янзын цэцэг байдаг. Сrassus гэсэн үг нь "бүдүүн" гэсэн утгатай гэнэ. Заримтай нь доор танилцуулъя:
Төрөл: 
Усанд ургадаг Хелмсын крассула (Crassula helmsii (Kirk) Cockayne) нь Австрали, Тазмани арлын намганд ургадаг олон наст өвсөрхөг ургамал. Өндөр нь 40 см хүртэл. Навч нь зүү шиг хэлбэртэй, махлаг, навчны урт 0,5—1,5 см, өргөн нь 0,1 см.

Хелмсын Крассула нь хараахан их тархаагүй цэцэг. Үүнийг ихэвчлэн хүйтэн устай аквариумд ургуулдаг. Гэрэлд их дуртай, иймээс аквариумны хамгийн их гэрэлтэй хэсэгт байрлуулах хэрэгтэй. Аквариумны ус, доорх элс шороо айхтар чухал биш. Маш сайн салаалж, мөчирлөж ургадаг. Чийг ихтэй хөрсөнд энгийн аргаар ургуулж болно. Хуурай агаартай өрөөнд ургуулахад хүндрэл учирдаггүй.





Хелмсын крассула

Хелмсын крассула

Хөрсөнд ургадаг суккулентууд маш олон тул зургаар үзүүлсэн нь илүү дөхөм байх болов уу:



















Бүх төрлийг үзүүлж чадахгүй тул энэ удаад өөрийн ургуулдаг "Мөнгөний мод"-ыг танилцуулъя. Модорхог Красулла (Crassula arborescens (Mill.) Willd.), Зууван Крассула (Crassula ovata) гээд төстэй харагддаг маш олон төрлийн крассула байдаг, бүгдийг нь мөнгөний мод гэж нэрлээд байдаг. Бас нэг хөөрхөн нэр нь Сармагчингийн мод. 

Африк тивээс гаралтай энэ бутархаг мод нь 2-10 м хүртэл ургадаг, нүцгэн бүдүүн иш мөчиртэй, 3-7см өндөгөн хэлбэртэй, хавтгай дугуй, махлаг навчтай. Навчны өнгө ногоон, цайвар саарал, улаан хүрээтэй, үсгүй, гялгардээд талдаа жижигхэн нүхнүүдтэй. Цэцэг зөөлөн ягаан, цагаан байдаг. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор. Гэрийг чимэхээс гадна маш дулаан, тухтай харагдуулдаг.  
Гэрийн уур амьсгалд нөлөөлөх нь
12 сарын 22-ноос 1 сарын 19-ний хооронд төрсөн Матрын Ордныхны цэцэг. Шороон мах бодьтой цэцэг. Шороон мах бодь нь эд баялаг хуримтлах гэсэн утгыг шингээсэн байдаг. Энэ цэцэг нь өөрөө хуримталж хадгалдаг цэцэг, хамаг баялаг нь махлаг иш, мөчир, шүүслэг навчинд оршдог. Бүдүүн навчинд нь шороон мах бодийн энерги болон Меркури гаригийн хүч нэгдсэн байдаг байна.     
Крассула орчин тойрноосоо мөнгө, эд баялагийн тухай бодол санаа, үг, сэтгэлийн хөдлөлийг мэдэрч, шүүж байдаг. Иймээс хэрэв таны ажил мэргэжил ня-бо, бизнесмен, г.м. эсвэл гэрт чинь мөнгөний асуудалтай үүндээ шаналж явдаг хүн байдаг бол гэртэй суулгаарай. Учир нь бид бүгд л мөнгөний тухай боддог. Гэвч, материаллаг амьдарлаа яаж сайжруулах вэ гэж байнга бодоод байхаар энэ талын бодол хэт их болоод, бусад зүйлүүдийг хойш тавьж, тухайн хүний орчин тойрон хүнд энергиэр дүүрдэг байна. Яваандаа энэ нь тухайн гэр бүлийн гишүүдэд нөлөөлж, гэрийнхэн чинь архаг өвчинтэй болох, хөл нь хавагнах, хүнд оргих, г.м. хүндрэлүүд гардаг байна. Ийм тохиолдолд Мөнгөний мод тусалдаг байна. Таны орчин тойрны энэ бүх хүнд энергийг өөртөө шүүж авч, мөнгөний тухай бодол, яриа, үг гээд бүгдийг өөртөө шүүж таны гэрийн уур амьсгалыг чөлөөлж өгч тогтвортой, бат бөх орчинг бий болгодог байна. Угаасаа Матрын Ордны тэмдэг нь Кардинал тэмдэг буюу Тогтвор, Байнгын гэсэн тэмдэг гэнэ.
Крассулагийн агаарт ялгаруулах био идэвхт бодисууд агаар цэвэршүүлж, хүний биеийн ядаргааг арилгадаг, стресс тайлдаг, амьсгалын замын өвчин багасгадаг, ерөнхий эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Фэнг Шүйгээр цэцэглэж байгаа Мөнгөний модны навчийг гараараа үрэх юм бол мөнгөтэй болдог гэдэг
Хүнд нөлөөлөх нь
Иш, навчинд нь шороон мах бодийн шинж хүчтэй илэрхийлэгдсэн байдаг. Санчир гариг шороон мах бодийг удирддаг тул ойр хавьд байгаа хүмүүсийг ажилсаг, хөдөлмөрч болгодог увидастай. Санчир гаригийн нөлөөн доор хүн ажлын үр дүнгээ хартал ажилдаг болдог. Матрын ордны "хариуцдаг" эрхтэн болох хүний яс, булчин, арьсанд эерэгээр нөлөөлдөг байна.
Байршил
Бүтэн жилийн турш хамгийн гэрэлтэй газар, өвлийн улиралд нарлаг газар тавина. Цэвэр агаарт дуртай, зуны цагт гадаа тагтан дээр бороо, нарнаас хамгаалж тавих хэрэгтэй. Өвөл сэрүүвтэр газар 10С байхад тохирдог. Өвөл паар халахаар ойр хажууд нь байрлуулж болохгүй. Хавар, зунд 20-25С байх ёстой. Өвөл халуун гэрт байлгавал зарим навч унана, мөн мөчир сунана. Агаарын чийгшэлт онцын ач холбогдолгүй.
Гэрэл
Тод гэрэлтэй газар. Гэхдээ нарны хурц гэрлээс хамгаалахгүй бол өвчилнө. Навч захаараа улаарч, үрчийж, хатуу хатсан бор толбонуудтай болдог. Гэрэл дутагдвал иш сунана, навч жижигрэнэ, мөчирний навч хоорондын зай ихсэж үзэмж мууддаг. Гэрэл дутагдвал цэцэглэхгүй. Мөн гэрэл дутвал навч усаар дүүрсэн мэт шаргал "пэлцийсэн" өнгөтэй болж байгаад унадаг. Ялангуяа намар балкон дээрээс гэртээ оруулахдаа дасгаж оруулахгүй бол ийм зүйл ажиглагдна. Хавар гадаа байрлуулахдаа гэрэлд бага багаар дасгаж байж гаргах хэрэгтэй. Харин намар гэрт оруулахдаа хамгийн гэрэлтэй газар тавина. Гэнэт гэрэл дутахлээр стресст орж навчаа хаяж заримдаа бүүр үхэх ч тохиолдол гардаг юм. Хурц наранд удаан байлгавал мөн навч түлэгдсээр унаад халзан мод үлддэг. Нарны гэрэлд байлгахаар навчны эрмэг дэх улаан хүрээ тодордог.

Халуун наранд бүх навч унана
Цэцэглэлт
Маш ховор цэцэглэдэг гэдэг ч зөв арчилж ирвэл өвөл болгон цэцэглэнэ. Цэцэг нь маш зөөлөн, нүүр гарын саван шиг үнэртэй. Цэцэглүүлэхийн тулд жилд 2 сар "амралт үе" хийж өгөх хэрэгтэй. Яг зузаалай, угсаргантай адил сэрүүн, хуурай "амралт үе" хийж өгнө. Өвөл халаалт ирсэн үед сэрүүн нөхцөл бий болгох бололцоогүй бол хавар эрт гадаа балкон дээрээ гаргаж болно. Балкон дээр гаргаад, өвөл боллоо гэж хуурах хэрэгтэй. Үүний тулд өглөөний 7 цагаас өдрийн 5 цаг хүртэл энгийн гэрэлд байлгаж байгаад, бусад үед нь дээгүүр нь цаасан хайрцаг хөмөрч өгөх хэрэгтэй. Ийм янзаар 2 сар болгоно. Агаарын температур 10-12 градус байх хэрэгтэй ба усалгааг бүр зогсооно. Хөрс хатахаас сэргийлж маш бага ус 7-10 хоногт нэг удаа хийдэг. 2 сарын дотор цэцэгний бундуу бүрэлдэх нарийн биохимийн урвалууд явагддаг. "Өвөл болоод өнгөрлөө" гэж хуурах аргыг бүх суккулент цэцэгт хэрэглэдэг: зузаалай, угсаргана, алоэ г.м.  

Усалгаа
Бага. Хэрэв өвөл сэрүүн газар өвөлжиж байвал огт услахгүй. Ус ихдэх нь маш их хор хөнөөлтэй, мөөг, мөөгөнцөрийн үржих нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэсэн үг. Мөөгөнцөрт халдагдсан цэцэгний навч эхлээд шарлаад, дараа нь бараантаж байгаад унадаг.
Арчилгаа
10 сараас 2 сар хүртэл амралт үе байдаг. Энэ үед гэрэлсэг, сэрүүвтэр газар зохидог. Усалгааг багасгадаг. Хөрс бүүр хатаахгүй байхаар л бага услана. Хавраас 8 сар хүртэл эрдэс бодисоор бордож өгнө. Эсвэл тусгай кактус болон суккулент ургамлын бордоогоор сайн шингэлж бордоно. Усалгаа хийснээс 20-30 минутын дараа бордоогоо хийгээрэй.
Үрсэлгээ
Ихэвчлэн мөчир, навч, агаарт гарсан үндэслэсэн хэсгээр, мөн заримдаа үрээр. Үндэслэх нь маш хурдан.

Мөчрөөр үрслүүлж байна 


Мөн ганц ширхэг навчаар үрслүүлж болдог
Шилжүүлэн суулгах
Хоёр жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Хавар хийсэн нь дээр. Хөрс: ялзмаг 1, элс 1, хар шороотой ширгэн хөрс 2 гэсэн харьцаатай авахад болно. Крассулагийн үндэс маш жижиг, дээд модтой харьцуулахад итгэхээргүй жижигхэн сахлан үндэстэй. Иймээс гүнзгий сав авах хэрэггүй. Доор нь сайн дренаж хийж өгнө. Хөрсөндөө мөн туупийны үртэс, модны нүүрсний хэлтэрхий хийх сайн байдаг.
Модоо сайн тогтоож өгөөрэй, үндэс муу тул том модыг даах тулгуур хийх хэрэгтэй.

Гарч болох хүндрэлүүд
Хамгийн гол аюул - ус хэтрүүлэх. Энэ нь үндэс болон ишний ёроолыг илжрүүлнэ, салхинд дургуй цэцэг, салхинаас болж навч унадаг.

Байнга эргүүлж байхгүй бол гэрэлрүү тэмүүлсээр нэг тал нь далий болно

Наранд тавихад түлэгднэ

Гэрэлд дасгалгүй шууд тагтан дээр гаргавал толбо үүснэ

Бордоо ихдүүлвэл толбо үүснэ
Дээр нь гурил цацсан мэт болсон бол энэ нь мөөгнөөс гаралтай өвчин ба үүнийг хөвөнд спирт шингээж арчиж арилгана. Мөн суккулент болон кактус цэцэгний хортонд зориулсан хороор арилгаж болно.

Мөөгнөөс үүссэн өвчин
Бонсай
Энэ цэцэг нь Бонсай хийхэд хамгийн амархан цэцэг.




Ашигласан эх үүсвэр: http://flowersweb.info http://greenhome.org.ua/ www.cactus-art.biz