September 5, 2011

Гоо даль


Гоо Даль - Зантедеския, Калла, Zantedeschia (Calla) – Ароидын овгийн ургамал. Уугуул нутаг - Өмнөд Африк. Байгальд намгархаг газар ургадаг булцуут үндэстэй олон наст өвсөрхөг ургамал байдаг. Нартай өдөр гоо даль нь ананасны сул үнэр ялгаруулдаг.Зантедексия гэсэн нэршил нь Ф. Зантедески (XIX амьдарч байсан) гэх италийн ботаникчийн нэрээр нэрлэсэн байна. Нийт 8 төрлийн гоо даль байдаг байна. Ер нь Калла цэцгийг тасалгааны болон цэцэрлэгийн гэж хувааж болно. Энэ цэцэгт агаарын чийгшэлтийг өндөр байлгах, амрах үе гаргаж өгөх, нэмэлт гэрэл хийж өгөх хэрэгтэй. Заримд нь сайн цэцэглэхийн тулд нилээн зай, талбай хэрэгтэй байдаг.

 
Эфиоп гоо даль
Эфиоп гоо даль буюу Zantedeschia aethiopica – том бутархаг тэгш иштэй ургамал. Навч 1м хүртэл урт бариултай, зүрхэн хэлбэртэй,  30-45 см урт, 15-25 см өргөн, ногоон өнгөтэй. Цэцэглэхдээ хэд хэдэн цэцэгний иш гардаг. Цэцэг нь годонг ороосон дэлбээтэй, зарим сортынх хоёр давхар дэлбээтэй. Нөмрөг нь цайвар ногоон, шар ногоон 15- 25 см урт. Цэцэглэлт 1 сараас 7 сар хүртэл. Цэцэглэлтийн дараа 1 см орчим шар өнгийн жимс ургадаг. Энэ цэцэг дээр тулгуурлаж задгай талбайд болон тасалгаанд ургуулах маш олон гибрид сортууд гаргаж авсан. Тасалгаанд ургуулах хүндрэлтэй байдаг. Гэртэй Өмнөд Африкийн нөхцөл бий болгож өгнө гэдэг хэцүү шүүдээ. Манайд дэлгэрсэн төрөл нь голдуу эфиоп гоо даль байдаг. Үүний үндэс махлаг бүдүүн, цагаан өнгийн үндэс ч байдаг, мөн булцуунаас ургасан цагаан өнгийн, махлаг, үдээс маягийн үндэс ч байдаг. 
Zantedeschia albomaculata
Цагаан толбот гоо даль буюу Zantedeschia albomaculata – том бутархаг тэгш иштэй ургамал. Навч 1 м хүртэл урт бариултай, уртассан сум шиг хэлбэртэй, 30-40 см урттай, навчны дээд тал цагаан толботой ногоон өнгийн. Цэцэглэхэд хэд хэдэн урт цэцэгний иш гаргадаг. Годон нь цайвар шаргал, эсвэл цагаан нөмрөгтэй, нөмрөгний ёроолоор улаан өнгөтэй, урт 10 см, өргөн 5 см.
Реманийн гоо даль (Сalla rehmanii)
 

Эллиотын гоо даль, Zantedeschia elliottiana – намхан бутархаг төрөл. Навч 60 см хүртэл ургасан бариултай, өргөн зүрхэн хэлбэртэй, 20-25 см урттай, 18-20 см өргөнтэй. Навч ногоон, дээд тал дээрээ цагаан зураас, цэг, толбо болсон хээтэй. Годонтой цэцэг, нөмрөг нь 15 см урттай, шар ногоон өнгинй, дотороо цайвар шаргал өнгөтэй. Энэ төрөл нь Өмнөд Африкийн хэт хуурай газар ургадаг тул цэцэглэлт дуусангуут үүнийг хуурай, сэрүүн газар амраах хэрэгтэй.

Арчилгаа
Гэрийн нөхцөлд ихэнхдээ өвөл цэцэглэдэг. Цэцэгийг нь тасдаад усанд тэжээл өгөөд байлгаад байвал 2-3 долоо хоног ч байдаг. Цэцэглэж байх үед нь калий фосфорын бордоогоор долоо хоногт нэг удаа борддог. Азотын төрлийн бордоо, эсвэл навчаар гоёдог цэцгийн бордоогоор бордвол навч л хөгжөөд, шинээр гарч ирээд байна, цэцэг гарахгүй.
Хэрэв цэцэглэлтийн дараа үр гарах гэж байгаа бол түүнийг авч хаяадаг. Үрэндээ хамаг хүчээ өгөөд сульддаг юм шүү. 8 сар гэхэд буцаад хүчээ аваад, сэргэж эхэлдэг.
Цэцэглэж байх үед нь сайн улсаж, шүрсэж байх хэрэгтэй. Орчны агаарыг нь чийгтэй байлгах үүднээс том подностой ус доор нь тавьж болно. Ингэхэд цэцэгрүү ус орох ёсгүй, подностой усаа өдөр бүр нэмэж байна. 
Амралт үе
Цэцэглэж дуусаад амрах үе нь эхлэх ёстой. Энэ нь ихэнхдээ 5-7 саруудад болдог. Энэ үед навч нь шарлаад, өсөлт нь удааширна. Гэхдээ үндэс нь доороо хөгжиж ургасан хэвээр байдаг. Энэ үед нь услахаа зогсоодог. Хэрэв доор бичсэн шиг номоор нь амраамааргүй бол намар хүртэл агаарт гаргах хэрэгтэй. Балкон дээрээ ч юм уу. Нөмөр газар тавина - хүйтэн, нэвт салхигүй, хурц нарны гэрэлгүй, халуунд шатахгүй байх ёстой. 
Ер нь бол цагаан гоо далийг зун амраадаг, өнгөт каллаг өвөл амраадаг гэдэг. Гэхдээ гэрийн нөхцөлд энэ нь нэг их хамаарахгүй - ургаж байгаа нөхцөл, арчилгаа бүр өөр өөр байдаг тул. Гол нь аль алийг нь амраах ёстой. Жилд нэг удаа - 1,5 - 2 сар. Үүний тулд савтай каллаг харанхуй, сэрүүн газар тавиад услахаа зогсоо. Навчийг тайрч болохгүй. Тэд өөрсдөө хатаад унах ёстой. Учир нь навчинд байгаа тэжээл нь булцууруугаа шилжиж, амарч байх хугацаанд булцуу нь томорч байдаг. Ингэж 1-2 сар болсны дараа савнаас нь хатсан хөрс булцуугаа гаргаж, хөрснөөс нь салгаад, навчны үлдэгдэл г. м.-ээс цэвэрлээд шинэ хөрсөнд суулгана. Ингэхдээ булцууны хажууд шинээр гарч ирсэн зулзаган булцуунуудыг салгаж шинээр суулгаж болно. Хэрэв эх булцуу нь хэт томорсон бол түүнийг бас хувааж 2 цэцэг болгож болно. 2-оос илүү хуваах дэмий байдаг. Том булцууг хуваахдаа хутгаар биш, дундуур нь гараараа мэдээтэй хувааж салгасан нь дээр байдаг. “Шархтай” хэсэгт нунтагласан модны нүүрс түрхэж өгөх сайн. Эсвэл марганцын уусмалд дүрсэн ч болно. Ялзрах, өт хорхой үржихээс хамгаалж байгаа юм. Хэт гүн суулгаж болохгүй - 5-10 см байх зөв. Хөрсөнд хийхийн өмнө 3-4 хоног “шархыг” нь хатааж өгөөрэй. Мөн мэдээж хөрсөө ариутгаж өгөх хэрэгтэй. Хөрсөө бага зэрэг чийглэж байгаад булцуугаа суулгаарай. Гэхдээ хэт усархаг, нойтон байж болохгүй. 

Ингэсний дараа гэрэлд тавиад, бүлээвтэр усаар сайн услаж өгнө. Калла нь азалиятай адил хүчилтэй хөрсөнд дуртай. Иймд услах усандаа лимоны хүчил нэг дуслыг найруулаад услаарай. Хэтрүүлж болохгүй. Хүчил ихтэй хөрс маш амархан ялзарч үихийрдэг шүү. Азалияг мөн байн байн ингэж услах сайн. За, ингээд сайн нэг удаа услаж өгнө. 30 минут болоод доошоо гарсан усыг нь асгаад, дахиж 10-14 өдөр услахгүй. Дараагийн услалт - шинэ навч гарах гээд цухуйж эхлэхэд услах хэрэгтэй. Ийм удаан аргаар цэцэгээ нойрноос нь сэрээж байгаа юм. Өдөр бүр услаад байвал булцуу ялзарна. Магадгүй 7 хоноод жоохон шүрсэж болох юм, гэхдээ хэт шүрсвэл мөн булцуунд муу. Навч гарангуут харин услалтыг ихэсгээд, бордоод эхэлнэ. Шинэ цэцгийг сэрүүн 15-17С тай газар байлгах хэрэгтэй. Энэ их чухал шүү. Хэт халуун, гэрэл муу газар цэцэгний шинэ навчны иш сунаад, амархан хугардаг, өнгө нь цайвар бүдэг ногоон өнгөтэй болдог ба цаашид гарах цэцэгний тоо эрс цөөрдөг.
Цэцэглэх гэж байхад нь шүрсэх усандаа минерал бордоо найруулж шүрсэж өгдөг. Үндсээр биш, навчаар нь шүрсэж бордоно – бор, цинк, молибден, марганц, калий йод, г.м. Мөн зүгээр усаар сайн шүрсэж өгч байгаарай. Гэрэлсэг газар илүү ургана, гэхдээ нарнаас хол. Хагас сүүдэрлэг газар ч ургадана. Хойд талын цонх сайхан таардаг. Сэрүүвтэр байхад дуртай. Олон наслах тусам гарч буй цэцэг нь томроод байдаг.
Саглагар сахал шиг цагаан үндэс нь савнаасаа гараад байвал булцуугаа хэт өнгөцхөн суулгасны шинж. Иймээс суулгаж байхдаа савны эрмэг хүртэл шороо дүүргэхгүй байх нь дээр. Дараа нь нэмээд хийж болохоор байхаар хийгээрэй. Ер нь бол том саванд байх дуртай цэцэг.
Цэцэг бүрдэж байх үед илүү гэрэл хэрэгтэй байдаг. Өдөрт 12 цаг гэрэлд байх ёстой. Өвөл цэцэглэдэг тул өдрийн гэрэл нэмэж өгөх хэрэгтэй байдаг. Цэцэг нь бүрэлдсэн үед багасгаад 10 цаг гэрэлд байлгах хэрэгтэй.
Мэдээж амрах үе нь тасалгаанд ургадаг цэцэгт яг зун, эсвэл яг тэдэн сард гэж хэлж болохгүй. Таны цэцэг ямар нөхцөлд ургаж ирсэн гэдгээс шалтгаалж өвөл унтаад, зун цэцэглэж ч болно шүү.

Бордоо: Эхэлж органик бордоогоор бордосны дараа минерал бордоонууд хэрэглэвэл цэцэг чинь илүү хүчтэй, иш, навч, цэцэг гээд бүгд их хүч ордог юм. Органик гэдэг нь мэдээж ялзмаг хэлбэрээр - аргал, адууны хомоол дэвтээж найруулж хэрэглэж болно. Ингэж эхэлж органик бордоо өгөөд, дараа нь дэлгүүрээс авсан минерал бордоогоо хийгээрэй. Хэдэн сард нэг удаа хөрсний дээрх хэсгийг шинэчилж өгч байх сайн байдаг. Гэхдээ үндэс гэмтээв, болгоомжтой байгаарай. 2 сараас 6 сар хүртэл 10-14 хоногийн зайтай цэцгээр гоёдог цэцгийн бордоогоор бордно. Фосфор ахиу агуулсан бордоо нь цэцэглэлтийг удаан болгодог ба олон цэцэг гаргадаг. Хэт их азоттой бордоо нь навч олноор гаргаад, томруулаад байхаас цэцэглүүлэхгүй.
Усалгаа: Услах ус зөөлрүүлсэн, бүлээн ус байх ёстой. Мөн усаа 1-3 хонуулж хлорыг нь гаргах хэрэгтэй. Хавраас намар хүртэл сайн усалдаг. Өвөл усалгааг багасгана.
Цэцэглэхгүй байх шалтгаанууд:Худалдаж аваад эхний жил цэцэглэхгүй байвал амралт үе гэж өгөөгүй юм байна гэсэн үг.
Хэрэв 2, 3 дахь жил цэцэглэхгүй байвал танд дэндүү жижиг “маамуу” булцуу таарч, томортол нь хүлээх нь дээ. Эсвэл азотын бордоогоор хэт бордсон
Агаарын дулаан:
Гоо даль дулаанд дуртай, 18°C дээш хэмд сайн ургаж цэцэглэдэг. Ер нь байх ёстой хэм нь 22-23°C. Нэвт салхийг үздэггүй. Өвөл сэрүүн өвөлждөг 12 °C, усалгаа энэ үед эрс багасгана (Эллиотын гоо далиас бусад нь).
Гэрэл: Зун, өвөлгүй маш их гэрэлд дуртай. Хэрэгтэй бол нэмэлт гэрэлтүүлэг хийж өгдөг.
Тайралт, чимхэлт: 7 сарын сүүлээр гоо далийн ёроолд үүссэн бүх жижиг зулзага, бут зэргээс цэвэрлэнэ. Эдгээр нь цэцэгний ургалтыг удаашруулж, цэцэглэлтийг гацаагаад байдаг юм.
Агаарын чийгшэлт: 80—85% байх ёстой. Байнга шүрсэж өгнө, шүрсүүрт оруулна, навчийг чийгтэй алчуураар арчина. Савтай цэцгээ дээр дурьдсан шиг нойтон керамзит, хайргаар дүүргэсэн поднос дээр тавьж болно.
Шилжүүлэн суулгалт: зантедескияд тэжээллэг хөрстэй том сав хэрэгтэй. Цэцэглэлт дуусангуут (зуны дунд - адаг сард) усалгааг багасгаад, бордоог зогсооно, аажмаар навч шарлаад хатаж унана. Үүний дараа шинэ хөрсөнд суулгадаг. Хөрс: 2 хэсэг ширгэн, 1 хэсэг ялзмаг, 1 хэсэг навчит хөрс, 1 хэсэг хүлэрт хөрс, 1 хэсэг элс байна.
Цэцэглэлт: Калла 2 нас хүрч байж цэцэглэдэг. Намар цэцэглээд өвөлжингөө цэцэгтэйгээ байдаг. Амралт үеээс бусад хугацаанд цэцэгтэй нь байлгаж болдог. Цэцэглэх хугацааг дулаан хүйтэн агаараар зохицуулж удирдаж болдог. Гэхдээ өвөлийн улиралд цэцэглүүлэх нь дээр байдаг - ойролцоогоор 11 сараас 3 сар хүртэл. Зантедеския нь 2—4 жил дараалалж сайн цэцэглэдэг. Дараа нь хэт их ургасан бутыг салгаж хуваадаг. Эх цэцгийг шинээр суулгаад, бусад үрсэлгээг тус тусад нь саванд суулгана. Цэцэглэлтийн дараа навч шарлаж, ургалт зогссон мэт болдогч үндэс доороо ургаж байгаа хэвээр.
Үрслүүлэх арга: Зуны улиралд (6-7 сард) хажуугийн шинэ ургасан бутнуудыг эх цэцгээс салгадаг. Үүнийг намхавтар, өргөн саванд суулгана. Хөрс дээр дурдсанаар авна. Усалгааг сайн хийнэ. Эхний хэдэн өдөр зөвхөн усаар услана. Дараа нь бордоог 2 дахин багасгасан шингэн уусмалаар услана, үүнээс 2—3 долоо хоногийн дараа 100% концентрацтай бордоогоор.
Өвчин: Тасалгааны нөхцөлд 18°С болон дээш хэмд аалзан хачиг ихээр үрждэг. Сэргийлэх үүднээс усаар шүрсэнэ, шүрсүүрт оруулж угаана, навчийг бариулын хамт чийгтэй зөөлөн алчуураар арчиж байна.

http://greenhome.org.ua/