August 31, 2011

Фатсия

Фатсия (Fatsia) - навчаар гоёдог цэцэг, Аралийн (Araliaceae) овгийн мөнхийн ногоон ургамал. Япон орноос гаралтай. Фатсия – маш хурдан ургадаг ургамал. Ногоон навчит төрлүүд нь дотороо олон янз байдаг ба үүнээс гадна алаг навчтай төрөл байдаг байна. Гол үзэмж нь навчиндаа байдаг - алга шиг том салаа навчтай. Цэцэг нь хүний нүд тусахаар гоо үзэмжтэй биш. 
Төрөл
Фатсия япон (Fatsia japonica) - мөнхийн ногоон ургамал, 2—4 м өндөр хүрдэг бут, гэрийн нөхцөлд 1—2 м өндөр ургадаг. Навч зүрхэн хэлбэртэй дугуй, 15—30 см диаметр хүртдэг, 5—9- салаа, зузаан, гялгар, хар-ногоон, урт бариултай. Цэцэг үзэмж муутай, жижигхэн, үнэртэй, шүхэр хэлбэрээр багцалсан, цагаан эсвэл шар ногоон өнгөтйэ. Жимс хар хөх өнгөтэй.

Фатсия япон "Variegata"
Гадаа цэцэрлэгт ургуулж болох төрлүүд байдаг:
Fatsia japonica var. argenteimarginatis — цагаан эрмэгтэй навчтай;
Fatsia japonica aureimarginatis — шар эрмэгтэй навчтай;
Fatsia japonica var. moseri — дагжаа хэлбэр.

Фатсхедера Лице "Anne Mieke"
Цэцэгчдийн дунд хамгийн их тархсан цэцэг бол фатсия, авиргана хоёрын гибрид – Фатсхедера Лице (Fatshedera Lizei = Fatsia japonica x Hedera hibernica). Энэ бол мөнхийн ногоон, 1-1,5 м өндөр ургадаг, битүү навчтай бут юм. Навч 3-5-салаа, хар ногоон өнгийн зузаан. Иш нарийхан тул тулгуур хийж өгөх хэрэгтэй. Алаг навчтай төрөл бас байдаг. 
Арчилгаа
Гэрэл: Фатсия онцын арчилгаа шаардаад байдаггүй. Гэрлэтэй болон хагас сүүдэрлэг газар ургадаг. Харин алаг төрлүүдийг гэрэл ихтэй газар байрлуулах ёстой. Сүүдэрлэг газар ургаж чаддаг, гэхдээ ургалт удааширдаг. Баруун, зүүн зүгийн цонхон дээр тавьхад таарна. Зун гадаа гаргаж болно. Нарны гэрлээс халхлах хэрэгтэй.
Агаарын дулаан: Хавар-зуны улиралд — 18-22°C. Өвөл тасалгааны жирийн хэмд байж болдог, гэхдээ боломжтой бол гэрэл ихтэй, сэрүүн 10C-15°C газар өвөлжүүлэх сайн. Үүнээс дулаан өрөөнд өвөлжүүлэх бол нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй. Алаг навчтай фатсияг 16°C доош хэмд байлгаж болохгүй.

Фатсия 'Spider's Web'
Агаарын чийгшэлт: Фатсияг байнга зөөлрүүлсэн усаар шүрсэж өгч байна. Навчийг нь чийгтэй зөөлөн алчуураар арчиж байна. Зун бүлээн шүрсүүрт оруулж байна. Өвөл усаар шүрсэхээ багасгаж өгнө. Сэрүүн өрөөнд өвөлжиж байгаа тохиолдолд шүрсэж болохгүй.
Усалгаа: Усалгааг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Нэг л удаа хөрс хатаахад навч бүгд доош унжаг. Үүнийг дээш тэнийлгэхийн тулд уяагаар дээш сойж өгч байж л дээшээ болдог. Зундаа сайн усалдаг. Зөөлрүүлсэн, хэдэн өдөр задгай саванд хонуулсан усаар усална. Хөрсний өнгөн гадаргуй хатсан тохиолдолд л дараагийн усалгааг хийнэ. Намар тийш усалгааг багасгана. Өвөл сэрүүн өрөөнд байгаа бол усалгааг бүүр багасгаж өгдөг - хөрс хатаахгүй байх төдий. Өвөл дулаан өрөөнд байлгавал усалгааг багасгах хэрэггүй. Гэхдээ ус хэтрүүлээд байвал навч зөөлрөөд, унжийгаад, шарлаад унадаг. Усалгааг багадуулаад байвал навчны үзүүр хатдаг.
Бордоо: Фатсияг хавраас намар хүртэл 10 хоногт нэг удаа минерал болон органик бордоогоор эсвэл навчаар гоёдог цэцгийн бордоогоор борддог. Азот ихтэй бордоо хэрэглэх нь илүү трохирно.
Хөрс: Хамгийн сайн тохирох хөрс ширгэн, ялзмаг, хүлэрт хөрсийг элстэй (2:1:1:1) авч холих.
Шилжүүлэн суулгалт: Шинэ залуу цэцгийг жил бүрийн хавар, цаашид 2-3 жилдээ нэг удаа. Савны өндөрийн 1/3 -ийг дренаж эзлэж байх ёстой. 
Үрслүүлэх арга: Фатсия, фатсхедера хоёрыг мөчирний үзүүрээр, агаарын боолтоор, мөн үрээр үрслүүлдэг. Мөчирний үзүүрээр хавар үрслүүлдэг. Ургахад бэлэн хэд хэдэн навчтай мөчирний үзүүр тасдаж авна. Хүлэрт хөрсөнд 22-26°C хэмд маш амархан үндэслэдэг. Гялгар уутаар эсвэл шилэн саваар дээгүүр нь таглана. Өглөө, оройдоо авч 30 минут агаар оруулаад буцаагаад таглаад байна. Үндэслэсний дараа жирийн хөрсөнд суулгана. Мөчирөөр үрслүүлэхэд өндөр биш шигүү навчтай бут бий болдог.
Нөхцөлийг нь бүрдүүлж өгөвөл битүү навчтай бут болдог. Гэхдээ зарим тохиолдолд иш халзарсан бол агаарт үндэслүүлж шинэчилдэг. Үүний тулд хавар иш эсвэл мөчир дээр гүн биш зүсэлт хийж өгнө. Үүнийгээ үндэслүүлэгч бодис, эсвэл бордоо шингээсэн чийгтэй хөвдөөр ороогоод (1г комплек бордоог 1 л усанд), дээгүүр нь гялгар уутаар ороож бооно. Хөвдийг байнга чийгтэй байлгадаг. Хэдэн сарын дараа зүсэлт хийсэн газар үндэс гарсан байдаг. Үндэс гарсанаас хойш 2 сарын дараа үндэснээс доогуур тайрч авч салгаад саванд шууд суулгана. Үлдсэн халзан ургамлыг нэг ч навч байхгүй ч гэсэн хаяж болохгүй. Үүнийг 2 см тайрдас үлдээгээд тайрна. Тайрдасаа услаад байна, эсвэл чийгтэй хөвдөөр нөмөрч өгнө. Ихэнхидээ үүнээс дахиж навч нахиалж гардаг.
Шинэ үрээр үрслүүлж болдог. Үрийг 1 см гүн суулгадаг. 18°C хэмийн дулаанд соёолдог. Үрсэлгээ хүч ороод, томроод ирэхлээр 9—11-см саванд нэг нэгээр нь тусгаарлаж суулгаад гэрэл ихтэй газар байрлуулна.
Анхаар: фатсия хорт бодис агуулдаг
Өвчлөлт, хорхой шавьж: Арчилгаа дутсан бол цагаан ялаа (эрвээхэй), ширх, улаан аалзан хачигт баригддаг. Навчны хоёр талд үрждэг. Ургалт эрс зогсдог, навч шарладаг, эргэлдэж ороогддог, үхдэг. Ургамлыг байнга шалгаж, үзлэг хийж байх ёстой. Хорхой шавьж таарах юм бол навчийг спирттэй даавуугаар арчиж, эсвэл савантай усанд норгосон даавуугаар арчиж хорхойноос салгана. Хэт их үржсэн тохиолдолд хор цацна.
Өвчнүүдээс - саарал хөгцөөр их өвчилдөг. Хүйтэнд чийгтэй газар байлгаад байвал гардаг байна. Ишний шилбэ доогуураа улаагаад, ялзраад, хар саарал, заримдаа бор өнгийн хөвсгөр мөөгний өнгөр ургадаг. Өвчилсөн ургамал үхдэг. Гэмтсэн хэсгийг тайрч аваад, агаарын солилцоо сайн, бага чийгшэлттэй газар байрлуулна.
Гарч болох хүндрэлүүд
Навч зөөлөн, хүч тэнхээгүй, сул – хөрс хэт их чийгтэй байна.
Навч хугарамтгай – хэт хуурай агаар.
Үрчийсэн навч – хэт хуурай агаар эсвэл нарны гэрэлд түлэгдсэн.
Навчны үзүүр бор, хугарамтгай – усалгаа дутаж байна.
Навч шарлаж унаад байна – хэт их услаад байна.



August 30, 2011

Белопероне (Beloperone) буюу Юстиция, Якобиния

Белопероне дуслан (Beloperone guttata),
эсвэл юстиция Брандеге (Justicia brandegeeana)
Якобиния (Jacobinia), мөн Юстиция (Justicia), мөн Белопероне (Beloperone) гээд албан ёсны олон нэртэй энэ цэцэг Акантын (Acanthaceae) овгийн ургамал юм. Нийт 50 төрлийн өвсөрхөг болон бутархаг якобиния байдаг байна. Зэрлэг байдлаараа Бразили, Мексик, Боливид ургадаг байна.
Якобиния (Юстиция), (Белопероне) – олон наст, мөнхийн ногоон хагас бутархаг ургамал. Өндөр 1,5 м хүрдэг Цэцгийн хэлбэр болон байрлалаас шалтгаалж якобинияг 2 хэсэгт хуваадаг байна:




Мөчирний үзүүрт гардаг цэцэгтэй
Якобиния Брандеге (Jacobinia brandegeana) – мөнхийн ногоон, жижигхэн, сайн мөчирлөсөн бут. Навч жижиг 7 см урт, урт зууван хэлбэртэй, эсрэг байрлалтай, бага зэрэг унжсан, үсэрхэгдүү. Унжсан мөчирний үзүүрт бүтэн жилжингээ 10 см урттай цэцэг гардаг. Улаавтар , эсвэл бор шаргал өнгийн дэлбээнээс цагаан цэцэг гардаг. Цэцэг нь нэг нэгээр ээлжилж дэлгэрдэг. Цагаан цэцэг дэлгэрээд унасан ч гаднах улаан гадаргуй нь унахгүй удаан тогтож якобинияг үзэмжтэй харагдуулдаг. Якобиния Брандеге 0,8-1м өндөр ургадаг. Хэд хэдэн сорт байдаг. 
Якобиния махан улаан (Jacobinia carneа) – хагас бутархаг, тэгш мөчирт, муу салаалдаг цэцэг. Өндөр нь 0,6—1.5 м хүрдэг. Навч эсрэг байрлалтай, зууван хэлбэртэй, 15—20 см урттай, унжсан, үзүүрлүүгээ нарийссан, хоёр захаараа дэрэвгэр, дээд тал нь хар ногоон, доод тал нь цайвар ногоон. Цэцэг жижиг, шигүү байралсан, 10—12 см урт, эсвэл 5 см урттай дугуй толгойтой, тод ягаан өнгөтэй. 
Якобиния Полийн (Jacobinia pohliana) – хагас бутархаг, муу салаалдаг тэгш мөчиртэй, өндөр нь 1,5 метр хүрдэг. Навч - эсрэг байрлалтай, сунасан хэлбэртэй, 15—20 см урттай, дэрэвгэрдүү захтай, бараг нүцгэн юм шиг харагддаг, хүрэн улаандуу өнгөтэй, гялгар гадаргуутай, 8 см урттай, урт бариултай. Цэцэг - үзүүртээ цэцэглэсэн ягаан цэцэгтэй. 

Мөчирний хажуугаар гардаг цэцэгтэй
Якобиния Гизбрехтын (Jacobinia ghiesbrechtiana) – 1 м хүртэл өндөр ургадаг хагас бутархаг, сайн салаалж мөчирлөдөг. Навч - хоёр үзүүр нь шовх, зууван хэлбэртэй, 7-15 см урт, махлаг зузаан. Цэцэг - богино иштэй, хажуугийн навчны доороос 2-4 ширхэгээр гардаг, гал улаан өнгийн, 3-4 см урт тоорцогтой.
Якобиния цөөн цэцэгт (Jacobinia pauciflora) – 30-60 см өндөр ургадаг жижигхэн хагас бутархаг цэцэг, унжсан салаа мөчиртэй. Навч хоёр үзүүртэй шовх, зузаан, урт 7 см, өргөн 3 см, дээд талын навч доод навчаас том хэмжээтэй. Цэцэг 2 өнгөт - улаан - улбар шар, 2 см урт, цэцэглэлт маш олон.

Якобиния махан улаан 'Alba'
Арчилгаа
Гэрэл: Хэвийн ургахын тулд тод сарниулсан гэрэл хэрэгтэй. Зун үдийн халуун нарнаас хамгаална. Өвөл өдөр хэдэн цаг нарны шууд тусгал дор тавих шаардлагатай. Хиймэл гэрэлд сайн ургадаг. 
Агаарын дулаан: Якобинияд хавар - зуны улиралд 20-25°C, өвөл 16-18°C байхад болно. Зун тагтан дээр гаргах, сүүдрэвч, эсвэл цэцэрлэгт гаргадаг. 9 сард гэрт оруулж ирнэ, эсвэл нэг наст ургамал гэж ургуулж болно. Өвөл агаарын температур 16°C доош байж болохгүй. Мөчирний бөөрөөс гардаг цэцэгтэй якобинияг цэцэглэх үед нь гэрэл ихтэй, 10-12°C хэмтэй газар байрлуулна. Хэт дулаан хэмтэй газар цэцэглэлт сайн явагддаггүй.

Якобиния цөөн цэцэгт
Агаарын чийгшэлт: Якобиния өндөр чийгшэлттэй газар дуртай, иймд зөөлрүүлсэн, хэдэн өдөр хонуулсан усаар байнга шүрсэж байна, мөн савтай цэцгийг чийгтэй керамзиттай поднос дээр тавьж болно. Агаарын чийгшэлтийг 60% бууруулж болохгүй.
Усалгаа: Хавар - зуны улиралд маш сайн усалгаа хэрэгтэй байдаг. Зөөлрүүлсэн, 2-3 өдөр задгай саванд хонуулсан усаар усладаг. Хөрсний дээд хэсэг хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Өвөл 15-17°C сэрүүнд усалгааг багасгадаг. Хэрэв якобинияг дулаахан, мөн хуурай газар өвөлжүүлж байгаа бол усалгааг багасгах хэрэггүй. Хөрсийг хатаагаад байвал цэцэг болон навч унаж эхэлнэ.

Якобиния цөөн цэцэгт
Бордоо: Идэвхитэй ургалт үед минерал болон органик бордоогоор 10 хоногт нэг удаа борддог. Бордоог хэтрүүлсэн үед навч томорч далбайгаад байхаас цэцэглэхгүй.
Тайралт: Хавар эрт заавал тайрдаг. Мөчир болгонд 2-3 зангилаа үлдээгээд тайрна. Тайралт нь шинэ мөчир гарахад нөлөөлдөг, энэ нь улмаар маш олон цэцэг гархад нөлөөлдөг байна. Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэж болно. Хөгшин цэцгийг богинохон болгож тайраад жижиг саванд шилжүүлж суулгаж болдог. 

Якобиния шар
Хөрс: Якобинияг гумины бордоотой хөрсөнд суулгах сайн. хөрсний хүчил рН = 5,5-6,5 байвал тохирно. Хөрсөнд навчит хөрс, ширгэн хөрс, ялзмаг, хүлэрт хөрс, элс адил хэмжээгээр авч хэрэглэдэг.
Шилжүүлэн суулгалт: Якобинияг хавар эрт сав нь багадсан тохиолдолд том савруу шилжүүлж суулгадаг. Үндэсийг гэмтээхгүй болгоомжтой суулгаарай. Харин цөөн цэцэгт якобинияг цэцэглэж дуусангуут 1-2 сард шилжүүлж суулгадаг.
Үрслүүлэх арга: Якобинияг мөчирөөр болон үрээр үрслүүлдэг байна.
Үрийг хөрсөнд суулгаж 20-25°C дулаан газар байлгадаг. Мөчирний үзүүрт цэцэглэдэг төрлүүдийг 1-4 сарын хооронд мөчирөөр үржүүлдэг. Агаарын дулаан 20—22°C байх ёстой байна. Үндэслэсний дараа үрсэлгээг нэг нэгээр нь тусгаарлаж 7-см саванд суулгадаг, эсвэл гураваар нь 11-см саванд суулгана. Залуу цэцгийг 2-3 удаа чимхэж өгдөг. 2 сард үрслүүлж авсан шинэ цэцэг 7 сард цэцэглэдэг. 3 сард үрслүүлсэн бол — 9-10 сард цэцэглэдэг байна.
Мөчирний хажуугаар цэцэг нь гардаг сортуудыг өвсөрхөг мөчирөөр 1-2 сард үрслүүлдэг байна. Үндэслэсний дараа 9—11-см саванд 3—5 үрсэлгээг зэрэг суулгаж болдог байна. Өрөөний дулаан 18°C доош байж болохгүй. Томосрных нь дараа савыг томруулж өгнө, том савруу шилжүүлж суулгасны дараа өрөөний дулааныг 16°C болгож сэрүүвтэр газарт байрлуулна. Гэрэлтэй газарт байрлуулах ёстой. Залуу цэцгийг сайн мөчирлүүлэхийн тулд 2-3 удаа чимхэж өгдөг.
Өвчин, хорхой шавьж: Якобиния ямарваа нэгэн өвчин болон хорхой шавьжинд тэсвэртэй. Хуурай агаартай газар байлгавал аалзан хачигт баригддаг. Хачиг гарч ирсний хамгийн эхний шинж тэмдэг - шарлаж унжсан навч. Мөн навчны доод талд мөнгөлөг өнгөтэй аалз байрласан байдаг. Бүлээн усаар шүрсэж, үе үе шүрсүүрт оруулж сайн угааж өгч байна. Аалзан хачигт баригдсан болон гэмтсэн навчнуудыг тайрч хаяна. Хэт их үржсэн тохиолдолд хор цацна.
Гарч болох хүндрэлүүд:
Навчаа гөвөөд байна – хөрс хэт чийгтэй байна, эсвэл хөрсийг хатаасан байна.
Хэт том навчтай ба цэцэглэхгүй байна - бордоо хэтрүүлсэн байна.
Навч шарласан – гэрэл муутай бөгөөд чийглэг өвөлжилт болж байна.
Навч унаад байна – агаарын чийгшэлт бага байна.
Тод бус өнгийн зүйлүүдийн дунд тавьбал цэцэгний өнгө илүү тодорч харагддаг байна.
Mэдээллийн эх үүсвэр:  www.greenhome.org.ua


Угсарганыг яаж цэцэглүүлэх вэ?

Угсарганы хуанли
Өвөл. 12 - 1 сард өвөрмөц хэлбэрийн цэцгээрээ таныг баясгана. Тогтмол услаж, бордож байна. Кактусын бордоогоор борддог. Цэцэглэж байхад нь гар хүрч болдоггүй. Эргүүлж, зөөж, байршлыг нь өөрчилж болохгүй. 2 сараас усалгааг багасгаад сэрүүн өрөөнд байлгадаг. Энэ нь амралт үе юм. Амралт үе нь ойролцоогоор 3 сарыг дуустал болдог. 
Хавар. 4 сарын сүүл-5 сард үрслүүлээд, шилжүүлж суулгадаг. 
Хөрс навчит хөрс, шигдэн хөрс, элс 2:1:1. Мөн дээр нь модны нүүрс хийж болдог. Заавал дренаж савны доор хийж өгнө.
Зун. Агаарт гаргасан нь дээр байдаг - жишээ нь балкон дээрээ гаргах. Тод, хурц гэрлээс хамгаалж өгнө. Зөөлрүүлсэн усаар хөрс хатсан үед сайн услаж байна. 
Намар. Цэцэглэлтэнд бэлтгэдэг. Хэрэв та шинэ жилээр цэцэглэж байгаа угсаргаанатай болмоор байвал зузаахай, мөнгөний мод болон бусад крассулагийн төрлийн суккулент ургамлуудын адил хүйтэнд байрлуулах хэрэгтэй. Үүний тулд 8 сарын сүүл-9 сард усалгааг багасгаад, цөөрүүлээд, сэрүүн газар (10-14 С градусаас дээшгүй) тавьна. Сэрүүн агаар болон усалгаа багасгах нь бундуу үүсэх гол нөхцөл юм. 11 сард бундуу үүсэж эхэлдэг тул усалгааг ихэсгэж өгнө. Мөн дулаахан газар байрлуулна. Агаарын дулаан 15 С градусаас доошгүй байна.


Угсаргана - Зигокактус - Шлюмбергера

Угсарагана бол зул сард цэцэглэдэг цэцэг. Иймд ч Зул сарын баяраар гадныхан бие биендээ их бэлэглэдэг байна. Орсоор бол Декабрист (12 -р сарын цэцэг) гэдэг нэртэй. 
Анх үүнийг зигокактус (zygocactus) гэж нэрлэдэг байсан ба хожим нь Шлюмбергерын овогт (Schlumbergera) багтаадаг болжээ. АНУ-ын Массачусетсын Их Сургуулийн профессор Томас Х. Бойлын онолоор энэ кактусан цэцгийн ихэнхи гибридыг Schlumbergera truncata болон Schlumbergera russelliana гэсэн төрлөөс гаргаж авчээ. Шлюмбергера гэх сонин нэр нь нэрт эрдэмтэн, кактус судлаач, селекцчин Шлюмбергерын нэрнээс гаралтай юм байна. 
Угсаргана нь эпифит ургамал - өөрөөр хэлбэл өөр ургамал дээр наалдаж тогтдог, агаар болон гаднах орчноос өөрөө тэжээл, усаа шүүж аваад байдаг. Байгальд модны үндэс, иш, мөчир дээр ургадаг юм байна. Өмнөд Америк, тэр дундаа Бразилиас гаралтай. Бразилийн халуун зуны адаг сард цэцэглэдэг. Тасалгааны нөхцөлд ч гэсэн энэ зуршилаа хадгалдаг. Ихэнхи тасалгааны цэцгүүд амарч байхад угсаргана цэцэглэж байдаг. Мэргэжилтнүүд үүнийг 2 хэсэгт хуваагаад байдаг - 10 сард цэцэглэдэг (Schlumbergera truncata), мөн 12 сард Католик шашинтнуудын Зул сарын баяраар цэцэглэдэг гэж. 
Schlumbergera truncata
Угсаргана нь кактусын төрлийн цэцэг. Нийт 5 янзын угсаргана байдаг байна. Ампель хэлбэрээр эсвэл кактус хэлбэрээр ургуулдаг байна. Урт нь 50 см хүрдэг, хурдан ургадаг. Цэцэглэлт: 11 сараас 1 сар.
АрчилгааАгаарын дулаан: зун 18 – 20С, өвөл 12 – 16С градус.
Агаарын чийгшэлт: манай нөхцөлд байнга шүрсэж өгч байна.
Гэрэл: гэрэлсэг, сүүдэрт болон хагас сүүдэрт ургаж чаддаг, сарниулсан тод гэрэл тохирдог
Усалгаа: бусад кактусын төрлийг бодвол тийм их шүүслэг, усархаг биш. Навчит ургамал шиг л усалгаа шаардагддаг. Хөрсний өнгөн хэсэг хатсан тохиолдолд усалдаг. Савны ёроолд дренаж заавал хийж өгнө.
Зул сарын цэцэг
Бордоо: Бордоо шаардашдах нь харьцангуй бага. Гэрийн нөхцөлд жилдээ 2-4 удаа л борддог байна. Бордоо нь сайн чанарын, усанд уусдаг, азот-калий-фосфор болон бусад элементуудын орцтой байна. Бордооны гадна талд бичсэн 20-20-20 (N-P-K) гэсэн бичигтэй бордоог аваарай. N-азот, P-фосфор, K-калий гэж байгаа. Жирийн усаар жигд услаад байвал хөрсөнд уусдаг давс ихээр хуримлагддаг. Бордоог цэцэгний бундуу гарахаас 1 сарын өмнө зогсоодог. Хавар-зун бордох хэрэггүй. Намар-өвөл бол 2 долоо хоноод нэг удаа. Кактусын бордоо хэрэглэж болно.
Үрсэлгээ: 2-3 угсарсан хэсэгтэй мөчрөөр хавар 4-5 сард үрслүүлдэг. 2-3 өдөр зөөлрүүлж зүгээр тавьна. Хугалсан хэсэгт шилэрхэг гадаргуй үүсэнгүүт элс эсвэл хөрсөнд суулгаж үрслүүлдэг.
Шилжүүлэн суулгалт: Ургалт үе эхлэхээс өмнө шилжүүлж суулгадаг. Мөн бундуу гарахаас өмнө шилжүүлдэг. Органик хүлэрт хөрсөнд сайн ургадаг. Хөрс маш сийрэг, хөнгөн, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Хөрсний хүчил рН  = 5,5 -6,5.
Тайралт: Цэцэглэлт дуусангуут мөчирний үеүүдээс тасдаж хэлбэржүүлж өгнө. Тасдахдаа доод үеийг барьж байгаад, дээд тасдах үеийг эргүүлж тасддаг. Хутга, хайчаар тайрч болохгүй! Тасдаж өгөх нь цэцэглэлт олон болгодог ба олон цэцэг даах чанга иш бий болгодог.
Зөв хэлбэржүүлсэн, арчилсан угсаргана нь удаан насладаг. Зарим угсаргана 20 болон түүнээс удаан жил насладаг байна. Удахлээр иш нь модорхог болдог.
Schlumbergera truncata - 10 сард цэцэглэдэг угсаргана
Хорхой шавьж, өвчин: бусад цэцгүүдэд гай болохоор хорхой шавьжинд баригдаад байдаггүй. Маш ховор тохиолдолд шүүсэрхэг зүйл ялгаруулдаг нялцгай биетэнд халдагддаг.
Зарим бактериын болон мөөгөнцрийн гаралтай өвчнүүдэд өртдөг. Бактерийн гаралтайгаас Erwinia группийн бактерийн өвчин - ишний доод ёроолд хар өнгийн нялцгай, нойтон хар толбо үүсдэг. Дээшилсээр бүх ишийг бүрхдэг. Зарим тохиолдолд иш өнгөгүй болж, улаавтар туяатай болно. Тийм газарыг барьж үзэхэд гулгамтгай, нялцгай. Бактерийн эсрэг хор тэр бүр тус болдоггүй. Гэмтсэн хэсгийг тайрч хаяхаас өөр арга үгүй. Ихэнхдээ гэмтсэн хэсгийн дээрх эрүүл үзүүрээс мөчир хугалж авч үрслүүлээд, өвчтэй цэцгийг устгах хэрэгтэй.
Мөөг болон мөөгөнцрийн өвчнөөс фузариоз, фитиум, фитофтора байна. Фузариоз нь мөчирний үзүүрийг тасдахад халдвар ордог, эсвэл хорхой шавьж хазсан нүхээр халдвар ордог байна. Фитиум, фитофтора нь ариутгаагүй хөрсөөр дамжиж халдварладаг - ихэнхидээ үндсийг устгадаг өвчин юм байна. Өвчилсөн шинж тэмдэг - чийгтэй хөрстэй мөртлөө унжийсан байвал. Ургамлын өнгө нь бүдэг, саарал туяатай болдог. Аль алийг нь хор цацаж эмчилнэ.


Нарийн ногоо цонхон дээр

Өвөл-хавар шинэ амин дэм хэрэглэе гэвэл  одоо нарийн ногооны үрийг суулгах хэрэгтэй. Ямар ч цэцгийн дэлгүүрээс хүнсний ногооны үр олж болно. Энэ нь цаг их авах арга юм, цаг хэмнэе гэвэл булцуунуудыг нь одоо намар цагт амархан олж авч болно.   
Яньшуй - петрушка, parsley үрээр ургуулахад нэг нууц байдаг – яньшуйд агуулагдах эфирийн тос нь хурдан соёолоход саад болоод байдаг тул хэдэн давхар марлинд боож байгаад бүлээн урсгал усанд хагас цаг барих хэрэгтэй байдаг. Дараа нь усанд хийж нэг өдөр дэвтээнэ. Яньшуй маш их гэрэлд дуртай, гэхдээ өвөл цонхны хүйтэн шилнээс аль болох хол байрлуулах шаардлагатай. Дөнгөж соёолж эхлэхэд нь хөрс хэт чийгтэй биш байх, мөн хатахгүй байх зэрэгт сайн анхаарах хэрэгтэй. 
Соёолоод ирэхлээр хоорондын зайг ихэсгэж өгнө. Бие биенээсээ 4 см зайтай байхаар тусгаарлаарай. Ингэхдээ хамгийн сайн ургасан, хүчтэй үрсэлгээг үлдээдэг. Тусгаарласнаас хойш 2-3 долоо хоногийн дараа бордож эхэлдэг. Сайн шингэлсэн сул найруулсан минерал бордоогоор борддог. Мөн цэцгийн бордоо хэрэглэж болно. Ургацаа 6 долоо хоногийн дараа хураадаг. Ургац хураахдаа бут болгоны талыг нь үлдээдэг. Ёроолоор нь тайрч авах хэрэггүй. Навчтай дээд хэсгийг тайраад, бага зэрэг навч болон ишний талыг үлдээхэд сэхээ авч дахин ургахдаа амархан байдаг юм.
Ногоон майлз - сельдерей, celery тэжээллэг хөрс, чийг, органик бордоонд дуртай. Гэхдээ шинэхэн малын баас хийж болохгүй. Үрийг эхлээд марганцын бүдэг уусмалаар угаана. Дараа нь 24 цаг усанд дэвтээдэг. Үүний дараа чийгтэй марлинд хийж хучаад дулаан газар тавьна. Соёолтол нь байлгадаг.
Майлзыг саванд суулгахдаа үрсэлгээ хоорондын зайг 5-6 см болгож суулгадаг. Ялзмагтай хөрсөнд суулгах сайн. Дулаан газар ургадаг 18-25 С. Хөрсний дээд хэсгийг тогтмол сийрэгжүүлж байх хэрэгтэй. Ургац сайн авахын тулд маш их гэрэлтнй газар тавих шаардлагатай. Арчилгааны хувьд яньшуйтай адилхан.
Буруу арчилвал "хар хөлт" гэх мөөгөнцөрт өвчнөөр өвчилдөг. Мөн цагаан эрвээхэй үүрлэдэг байна. Цэцэглэх үед хэт их усалвал мөн "морковная листоблошка" гэх хорхойнд өртдөг юм байна - навч хумnгдаж ороогдоод, унадаг. 
Гоньд - укроп, dill онцын их арчилгаа шаарддаггүй, маш амархан ургуулдаг. Бусад нарийн ногоотой хамт хольж нэг саванд суулгаж болно, эсвэл дангаар нь нэг саванд. Хөрсөнд суулгахдаа бага зэрэг хөрсөөр хучина. 1,5-2 долоо хоногийн дараа соёолоод ургаж эхэлнэ. Сарын дараа ногоон навчнуудыг хүнсэндээ хэрэглэж болдог.



Зузаахайгаа гадаа бүтээж байна уу?

Танд сануулахад: Сэрүүний улирал эхлээд гадаа 10-15С боллоо. Зузаахайг тагтан дээрээ гаргасан байгаа бол одоо өдөрт 8-9 цаг гэрэлтэй, бусад цагт нь цаасан хайрцаг, дэлгүүрийн том цаасан уут зэргээр таглаж харанхуйд байлгахад яг таарах цаг шүү. 6-8 долоо хоног сэрүүн газар, богино өдрийг ийм аргаар бий болгож, дараа нь дулаан гэрт оруулж гэрэлтэй цонхон дээр тавьбал шинэ жил гэхэд цэцэглэнэ. Хүйтэнд аль болох удаан байлгавал дараа нь цэцэглэлт удаан - 6 сар үргэлжилдэг. Шилэлсэн тагттай айл шөнө оруулах хэрэггүй. Зузаахай +5-7 С градуст тэсээд байдаг цэцэг тул аль болох удаан сэрүүнд байлгаарай. Энэ талаар дэлгэрэнгүйг "Зузаалайг цэцэглүүлэх арга"сэдэвт  уншина уу. 


Баримганы навчин тавгийг зөв хэлбэртэй ургуулах

Зөв жигд хэлбэртэй навчин таваг яаж гаргаж авах вэ? 
Иш сунахгүй байхын тулд юж хийх вэ? 
Аль болох их гэрэлтэй газар байрлуул - баримганд нил цэцэгнээс илүү их гэрэл хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь булцуу дөнгөж амралт үеээс сэрж, ургаж эхлэхэд маш сайн гэрэлд тавьдаг. 
Эхний хоёо навч зөв гарах нь цаашид их ач холбогдолтой гэнэ. Эхний хоёр навч ямар нэгэн гажиггүй ургасан бол цаашид бусад навчны байрлал, шигүү ургалтанд цаашид санаа зовох хэрэггүй болно.
Цэцэглэлтийг яаж олон болгох вэ?
Энэ нь хэд хэдэн зүйлээс шалтгаалдаг: 
1. Сортын онцлог
2. Булцууг өвөл сайн амраасан байх. Хэрэв сайн аираасан бол гарах цэцэгийн тоо улам ихэсдэг байна.
3. Зөв бордох, хэрэгцээт бордоогоор бордох. Сайн цэцэглүүлэхийн тулд фосфор, калий хэрэгтэй байдаг.
4. Том булцуу - булцуу залуу ыайх тусам түүнд олон цэцэг гаргах хүч бага байдаг. 
1 сар амраасан 4 настай булцуу цэцэглэсэн нь
Бордоо: Амраад сэрсэн булцууг шинэ хөрсөнд суулгадаг. 3-4 сарын дараа хөрсөн дэх тэжээл дуусаж эхлэхэд бордож эхэлнэ. Азотын бордоо ургамлын ногоон хэсгийг түлхүү ургуулдаг. Нэг нас хүрээгүй цэцэгнээс бундууны оронд ногоон навч сайн гаргаж авах нь дээр байдаг. Хичнээн их навч гарна, булцууны хэмжээ томрох нь шууд хамаарна. Цэцгийн бундуу бүрэлдэхэд фосфор, калий агуулсан минерал бордоогоор борддог. 
Баримгана ургуулахад хэрэгтэй хэдэн зөвлөмж:
- Баримганыг шууд том саванд суулгаж болдоггүй, булцуу ялзардаг.
- Гэрэл ихтэй газар байрлуулахгүй бол иш сунадаг. Гэхдээ нарны шууд гэрлээс хамгаална. - Хүнд, нягтарсан, агаар нэвтэрдэггүй хөрс хэрэглэж болохгүй. Хөвсгөр болгохоор хүлэрт хөрс, перлит, вермикулит зэрэг хийж өгнө. 
- Залуу баримганыг эхний өвөл амрааж болохгүй. Булцууны хэмжээ 2 см-ээс том болсон тохиолдолд амрааж эхэлж болдог. Ойр ойр хөрсөө шалгаж байна. Жижигхэн булцуу амархан хатдаг. 
- Хөрсийг хэт хатааж болдоггүй, мөн хэт чийглэж болохгүй. Доод тосгуур саванд тунасан илүүдэл усыг удаан байлгаж болдоггүй. 
- Баримганыг бусад унжсан/үсэрхэг навчтай цэцэгийн адил (нил, шимтэглэй, хайтан) усаар шүрсэж болдоггүй. 


August 29, 2011

Кресс салат


Кресс-салатыг сүүдэрхэг, гэрэл муутай цонхны тавцан дээр тарьж болно. Хойд болон зүүн хойд зүгрүү харсан цонхон дээр ургуулахад тохирдог.
Гүн биш хайрцаг, эсвэл цэцгийн савыг хөрсөөр 10 см дүүргээд, кресс салатны үрийг 1 см гүн суулгана. 10 см2 талбайд 2 г үр авна. 5-7 хоногийн дараа үр соёолно. 2-3 долоо хоногийн дараа навч гарна. Бордох хэрэггүй. Маш сайн услаж байх шаардлагатай.
Салатны навчийг хайчилж аваад хэрэглэнэ. Харин үлдсэн хэсгийг минерал бордоогоор бордож өгөхөд дахин шинээр ургадаг байна. Хөрсөнд онцын шаардлага тавьдаггүй, ямар ч хөрсөнд ургадаг.
Кресс-салат (лат. Lepidium sativum) — хурдан ургадаг нэг наст, хоёр наст өвсөрхөг ургамал. Өвөрмөц үнэртэй энэ ургамлын уугуул нутаг нь Иран, Египет гэнэ. Манай эрний I, II-р зуунд эртний египетчүүд, римлянууд их хэрэглэдэг байж. Хамгийн сонирхолтой нь орсоор үүнийг "клоповник" буюу "бясааны үүр" гэдэг гэнэ. Сонсоход муухай ч ач тус нь их юм байна - В группын бүх амин дэм, С аминдэм, каротин, рутин, кальцийн давс, магний, төмөр, йод, фосфор ихээр агуулдаг гэнэ.
Ходоодны өвчин, хоол боловсруулах эрхтэний өвчинд сайн, мөн хоолны дуршил ихэсгэдэг байна. Артерийн даралт ихтэй хүмүүст тустай - даралт багасгадаг гэнэ.
Шинэ навч болон шүүс нь аминдэмийн дутагдал, цус багадалт, болон чийг бам (цинга) өвчинд хэрэглэдэг. Шахсан шүүсээр нь хоолой өвдөхөд зайлдаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул шүүс болон навчийг ханиад томуунд хэрэглэдэг.  Нүдсэн кресс салатыг бусад бодисуудтай хольж байгаад шарханд хэрэглэдэг байна.
Кресс-салат хоол боловсруулахад сайн нөлөөтэй юм байна. Үүнээс гадна даралт багасгаж, шээс туудаг, цөс цэвэрлэдэг увидастай гэнэ. Удаан эдгэхгүй байгаа шарханд жижиглэж хэрчсэн шинэ навчийг чийгтэй марлинд боож тавьхад эдгэдэг байна. Кресс салатны орцтой тосыг арьсны загатнаа, маажуур, мөн идээтэй шарханд түрхэдэг. Харин кресс салатны үрийг нүдээд "горчичник" оронд хэрэглэж болдог байна.
Хэрэглэх арга:
  • аминдэмийн дутагдлаас сэргийлэх - навч, ишнээс шүүж авсан шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа хэрэглэнэ.
  • Гуурсан хоолойн багтраа (бронхиальная астма), хавдар, хатиг, дерматомикоз гэх халдварт өвчин (хөлийн тавхайны арьс болон бусад нимгэн газар мөөгөнцрийн гаралтай загатнаа гарах) - 12 г хатаасан өвсийг 200 мл усанд хийж 3-4 минут буцалгана. 1-2 цаг хандлаад, шүүнэ. Өдөрт 3 удаа 1\3 - 1\2 стакан хэмжээтэй хэрэглэнэ.
  • хоолны дуршил сайжруулахад - 1 хоолны халбага хатаасан өвсийг үүрүүлж жижиглээд, 200 мл буцалсан ус нэмэж хийгээд 1-2 цаг хандалж тавьна. Шүүгээд өдөрт 3-4 удаа хоолны өмнө 1\4 стаканаар хэрэглэнэ. 
  • Хожуу үеийн гахайн толбо буюу сифилис (тэмбүү) - 10 г хатаасан хуурай үндэсийг 200 мл усанд хийж 4-5 минут буцалгаад, 2 цаг хандлаад, шүүнэ. Өдөрт 3 удаа 1-2 хоолны халбагаар ууна. 
  • Цус багадалт - навч, ишнээс гарсан шүүсийг өдөрт 3 удаа 1 цайны халбагаар ууна. 
  • Үе мөчний үрэвсэлт өвдөлтийн үед - 1 цайны халбага нүдсэн үрийг 300 мл усанд 10е15 минут чанаад, 1 цаг хандлаад, шүүнэ. Үрэвссэн үед нь хоолны халбагаар өдөрт 3-4 удаа уудаг байна.


August 28, 2011

Соёолсон үр хүнсэнд


Соёолсон үр (үрнээс дөнгөж гарсан иш, навч) нь маш их хэмжээний уураг, амин дэм, минерал эрдэс бодисууд болон эслэг агуулдаг юм. Байгааль цааш эрүүл ургах, өсөх бүх хэрэгцээт зүйлээр хангасан байдаг тул хүний биед зүйрлэшгүй их ач тустай гэнэ. Ялангуяа залуужих дуртай, эрүүл толигор арьстай байх дуртай бол соёолсон үр хэрэглээрэй.
Соёолуулсан үр нь маш амттай бөгөөд ямар ч улиралд хэрэглэхэд ач тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүн юм. Амт нь самар, эсвэл ногоон вандуйг санагдуулдаг. Соёолсон үрийг салатанд, сэндвичэнд, эсвэл ногоотой хоолонд гээд хийж болно.
Ямар ч ургамлын үрийг хүнсэнд хэрэглэж болдог байна: вандуй, улаан буудай, базилик, улаан манжин, горчиц, сонгино, редис, байцаа, наран цэцэг, бүх төрлийн тариа зэрэг.

Үр соёолуулах маш амархан юм байна. Ердөө л 3-8 өдрийн дотор бэлэн болдог байна. Энэ нь та ямар шатанд байхад нь идэхээс хамаардаг байна. Үр соёологч тусгай сав байдаг ч жирийн сав хэрэглэж ч болно. Өргөн шилэн сав, эсвэл цайны аяганд 1/3 дүүртэл үр хийгээд бүлээн усаар дүүргээд хэдэн цаг бүтээнэ. Дараа нь усаа асгаад, аягатай үрийг харанхуй сэрүүн газар тавьдаг. Өдөрт 2 удаа бүлээн усаар зайлаад, усыг марлиар шүүж асгаж байна. 2-3 өдрийн дараа жижигхэн цагаан үндэс цухуйдаг. Дараа нь цайвар ногоон үрсэлгээ гарна. Үүний дараа шууд тод гэрэлтэй газар - цонхон дээр ч юм уу тавьдаг. Гэрэлд гаргаснаар үрсэлгээнүүд нь тод ногоон өнгөтэй болдог. 3-5 см урт болоод ирэнгүүт хэрэглэхэд бэлэн болно. Ууг нь дөнгөж задраад үндэс цухуйнгуут ч идэж болдог юм байна.
Намар - өвлийн улиралд соёолуулж байгаа бол савтай үрнийхээ дээр 50см зайтай өдрийн гэрэлтэй чийдэн тавьж нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгвөл сайн. Хэрэв 2-3 сард соёолуулж байгаа бол нэмэлт гэрэл шаардлагагуй юм байна.


Цагаан эрвээхэй устгадаг цэцэг

Плектрантус (Plectrantus), скандинавын авиргана, тасалгааны гаа, даравчит цэцэг, г.м. олон нэртэй Lamiaceae овгийн ургамал. Уугуул нутаг - Өмнөд Америк, Африк, Малайзи, Энэтхэг, Япон гэнэ. Плектрантус гэсэн нэр нь латин гаралтай бөгөөд plectron - даравч, аnthos - цэцэг гэсэн утгатай юм байна. Цэцэгний хэлбэр гуталны даравчтай төстэй юм байна. Плектрантус нь халагнайн (колеус) ойрын төрөл цэцэг. Нийт 250 гаруй төрөл байдаг юм байна. Тасалгааны төрлөөс илүү дэлгэрсэн нь:
Плектрантус австралийн - Plectranthus australis
Плектрантус австралийн (Pl. australis R. Br.) үнэргүй ургамал. Дугуй хэлбэртэй, гялгар, ногоон, эрмэгээрэй шүдэлсэн навчтай, урт иштэй цэцэг. Иш, мөчир нь сул, хүчгүй тул унждаг хэлбэрээр ургуулдаг. Хүмүүсийн дунд швед авиргана (плющ), скандинавын авиргана зэрэг нэртэй боловч жинхэнэ авирганатай огт адилгүй юм.
Плектрантус өмнөдийн
Плектрантус өмнөдийн (P. parviflorus) Австарлийн плектрантусын төрөл - мөлхөө урагамал, 4 талт мөчиртөй, тод ногоон өнгийн махлаг хамбан навчтай, цагаан цэцэгтэй. "Зүрхний цэцэг" гэх гаатай (мята, menthos) адилхан гааны үнэр ялгаруулдаг. Хүмүүс үүнийг "тасалгааны гаа" гэж нэрлэдэг. Харин орсууд үүнийг " мольное дерево" гэх ба энэ цэцэг нь цагаан эрвээхэй устгадаг, ялаа хүртэл үнэрийг нь тэвчиж чаддаггүй, ойр хавьд нь нисдэггүй гэнэ.  

Плектрантус Эртендалийн - Plectranthus oenterdalii
Плектрантус Эртендалийн (Р. oertendahlii) мөлхөө цэцэг, навч жижиг, дугуй зүрхэн хэлбэртэй, дээгүүрээ үсэрхэг хар ногоон өнгийн, цагаан судасан хээтэй, навчны доод хэсэг улаан судастай байна. Зуны дундаас намар хүртэл мөчирний үзүүрт жижигхэн хэлхээ цагаан цэцэг гардаг. Халиурч, мөлхөж, унжиж ургадаг тул ампель хэлбэрээр ургуулах, эсвэл цэцэгний зохиоминд савны доод хэсгийг чимэж ургуулдаг байна.
Плектрантус халагнайн
Плектрантус халагнайн (Р. coleoides marginatus) том үсэрхэг, цагаан эрмэгтэй навчтай.  1 м хүртэл өндөр ургадаг, 4 талт мөчиртэй, навч том 6 см урт, өндөгөн хэлбэртэй. 
Эртендалийн, халагнайн, өмнөд, австралийн зэрэг мөлхөж ургадаг плектрантусыг хөрс бүтээж газраар халиуруулж, эсвэл ампель хэлбэрээр хананы цэцгийн савны эрмэг хаах, нуух зэргээр ургуулдаг байна.
Бутархаг плектрантус
Плектрантус бутархаг (P.fruticans), буюу "цагаан эрвээхэйн мод" нэртэй - салаалсан олон мөчиртэй, хамбан 4 талт иш, мөчиртэй, өргөн далбагар, өндгөн хэлбэртэй навчтай. Навч нь эфирын масло агуулдаг, гартаа үрэхэд маш хүчтэй үнэр гардаг. Энэ үнэр нь цагаан эрвээхэйг ойртуулдаггүй байна. 2 сараас 5 сар хүртэл зөөлөн цэнхэр өнгийн цэцэг цэцэглэдэг байна. 
Арчилгаа:
Плектрантус тод гэрэлд дуртай, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалж байрлуулна. Сүүдэрхэг, хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Зундаа гадаа тагтан дээрээ нөмөр газар байрлуулна. 
Хуурай агаарт зохицоод ургаад байж чаддаг. Үсэрхэг навчтай сортуудыг шүрсэх хэрэггүй. Усалгаа зуны халуунд сайн, бусад цагт - багавтар, өвөл - бага. 
Агаарын температур өвөл - сэрүүн (15С градус, бутархаг плектрантуст - 10-15С градус), бусад улиралд 20-25С градус дулаан.
Залуу цэцгийг жил бүр шилжүүлэн суулгадаг, 4-өөс дээш насны плектрантусыг 2 жилд нэг удаа. Шилжүүлэн суулгалтыг хавар болгон хийдэг. Хөрсийг ширгэн хөрс, навчит хөрс, ялзмаг, элс гэж авдаг (1:1:1:0,5).
3 сараас 8 сар хүртэл сард 2 удаа органик болон минерал бордоогоор ээлжилж борддог.
Сайн өтгөн ургуулахын тулд жил бүр шинэчилж, мөчирний үзүүрнээс тайрч авч үрслүүлж суулгана. Үрсэлгээ усанд, элсэнд, хөрсөнд гээд маш амархан 2-3 долоо хоногийн дотор үндэслэдэг. Ихэнхидээ нэг саванд хэд хэдэн үрсэлгээ суулгадаг. Энэ нь ампель хэлбэрээр ургадаг сортуудад илүү саглагар харагдуулахад тохирдог. Мөчрөөр үрслүүлэхдээ жилийн аль ч улиралд хийж болно. Плектранусыг үрээр бас үржүүлдэг байна.
Арчилгаа маш хялбараас гадна хорхой шавьжинд тэсвэртэй цэцэг. Өвөлдөө ургасан мөчирнүүдийг 1/2  тайрдаг. Үрсэлгээ суулгасныхаа дараа таны хүссэн урттай болонгуут сайн үзүүрүүдийг чимхэж өгвөл илүү сайн мөчирлөдөг. 
Амралт үе: илт илэрсэн хэлбэр байхгүй. 
Цэцэг эхлэн тариж байгаа шинэхэн цэцэгчдэд тохирох ургамал. Нарны хурц гэрэлд өнгө бүдгэрч түлэгддэг. Хэт хүйтэн орчинд удаан байлгавал, эсвэл хэт их услаад байвал навч шарлаж унадаг. Мөн хорхойнд баригдвал навч шарлаж унадаг.
Усалгааг хүйтэн, мөн гэрэл муу газар ихдүүлээд байвал үндэс болон иш ялзардаг. Хэт халуун газар ус чийг багадвал навч унжийж сульддаг. Иймд хэт халуун бол шүрсэж өгч байх хэрэгтэй. Гэрэл дутсан, сэрүүн газар, ялангуяа намар-өвлийн улиралд, навч унадаг, цэцэглэхээ больдог.


Улаан лооль цонхон дээр!

Улаан лоолийн үрийг 15 минут марганцын бүдэг уусмалд дэвтээнэ. Сайн үр дэвтээд, хөвсийгөөд, доош тунадаг. Соёолохгүй үр усны дээр хөвсөн хэвээр байдаг. Марганцын уусмалын дараа үрнүүдийг шүүж аваад чийгтэй даавуунд соёолуулдаг. Үрнээс жижигхэн соёо гарангуут хөрсөнд 2 см гүн суулгадаг. Хөрс байнга чийгтээдүү байх ёстой. Хөрсийг хатааж болдоггүй, мөн хэт их чийгтэй байлгаж болохгүй. Том саванд суулгасан нь дээр байдаг байна. 
Усалгаа: хэт их усаанд дургүй. Тасалгааны температуртай усаар бага зэргээр усалдаг. Улаал лоолийг орой усалсан нь дээр байдаг. Нартай өдөр услах хэрэггүй. Навч болон мөчир, ишэнд ус хүргэж болохгүй.
Тэжээл: Малын баас, үнс, бусад байгалийн органик бордоог ээлжилж хэрэглэсэн нь дээр. Малын баас дэвтээж байсан усаар долоо хоногт нэг удаа усална. Үүнийгээ үнсэн тэжээлтэй сольбиж хэрэглэнэ. Чимх үнс найруулсан усаар услаж байна. 
Сойлт: Дагжаа сортудаас бусад бүх лоолийг дээшээ утсаар сойх хэрэгтэй байдаг. Дунд зэргийн өндөр сортуудыг тулгуур модонд боож болно.
Тоос хүртээх: байгальд улаан лооль нь салхи болон шавьжаар тоосоо хүртдэг. Гэрийн нөхцөлд нарийхан зөөлөн бийрээр цэцэг бүрт хүрч цэцэгний тоосыг тоорцогонд нь хүргэнэ. Тоос хүртээх ажиллагааг өглөөний 8-10 цагт хийх хэрэгтэй.


Орос хэл дээр бичлэг. Санаа авч болох юм.



Ялдам: сонин хачин

Фуксия

Шарль Плюмье
Шарль Плюмье
Ботаникч, ламтан Шарль Плюмье (франц. Charles Plumier, 20.IV.1646 - 20.XI.1704 амьдарч байсан) Людовик XIV хаанд зүтгэж байсан байна. 1695 онд Карибын арлын Санто-Доминго ууланд хийсэн экcпедицээс ирэхдээ нэгэн цэцэгний зургийг зурж иржээ.   
Энэ нь ирээдүйн хойч үеийнхэндээ хийсэн маш онцгой бэлэг байсан байна. Тэр цэцэг нь зэрлэг ялдам буюу
Fuchsia triphylla flore cocconeo - 3-навчит улаан цэцэгтэй ялдам байжээ.
Шинэ нээлтээ Плюмье өөрийн шүтэж ирсэн германы эмч, ботаникч Леонард  Фуксын (Leonard Fuchs, 1501-1566 амьдарч байсан) нэрээр нэрлэжээ. Хамгийн анх ялдамын тухай Шарль Плюмье өөрийн Nova Planetarium Americanum Genera нэртэй номонд бичсэн байна. 1703 онд ботаникийн каталогт бүртгэгдсэн ургамлын жагсаалтанд Фуксия нэрээр бичигджээ.


Леонард Фукс
Леонард Фукс
Leonard Fuchs нь Германы Баварид төрсөн. Ингольштадтын Их Сургуульд сурч байсан ба 1521 онд филологч, философч цол хэргэм хүртэж гэнэ, 1524 онд анагаах ухааны доктор цолтой болжээ. Дараа нь Мюнхен хотноо амьдарч ургамал судлаач-ботаникчаар ажиллаж байж. 1542 онд доктор Фукс 500 гаруй зэрлэг болон таримал ургамлын түүх, тайлбар, зураг, эмчилгээний увидас, хэрэглэх заавар гээд бүрэн дүүрэн мэдээлэлтэй ном гаргажээ.  
Хөвөн оройт
Ялдам - Фуксия (Fuchsia) лат. Onagraceae овгийн ургамал. Ялдамын хамгийн ойрын хамаатан нь бидний сайн мэдэх "Хөвөн Оройт", "Хөвөн Толгойд" (лат. Epilobium), орoсоор "Иван-чай" гэдэг балт ургамал юм.
Зэрлэг ялдам нь Төв болон Өмнөд Америкт (Аргентин, Бразили, Чили, Мексик, Панам, Коста-Рика, Боливи, Венесуэл), болон Таити, Шинэ Зеландад одоо хүртэл ургадаг байна. 

Цэцэглэж байгаа ялдам бэлэглэх сайн - цэцгийн хэлээр бол энэ нь "би танд сайн санаж байна, танд сайн хандаж байна" гэсэн утга илэрхийлдэг гэнэ.
Ургуулахад хялбар энэ үзэмжтэй цэцгэнд нэг л дутагдал байдаг - цэцэг нь үнэртдэггүй юм байна.