January 31, 2012

Хүрэн халагнай гэдэг цэцгийн тухай хэлж өгөөч

АСУУЛТ - ХАРИУЛТ: Хүрэн халагнай гэдэг цэцгийн тухай хэлж өгөөч. Тэгшжаргал, Говь-Алтай аймаг
Халагнай нь хүрэн, ногоон, шар, эрээн алаг гээд өнгөнөөс хамааралгүй нийтлэг арчилгаатай ургамал.
ХАЛАГНАЙ, Колеус (Coleus) олон наст, мөнхийн ногоон ургамал. Уугуул нутаг Африк, Азийн халуун дулаан бүс. Нийт 150 гаруй төрөл байдгаас хамгийн их тасалгаанд тархсан нь: 
Колеус Блюме (Coleus blumei) – олон наст жижгэвтэр хэмжээтэй хагас бутархаг ургамал. Өндөр 80 см хүрдэг. Колеуса Блюмегийн нийт 200 төрлийн гибрид хэлбэр байдаг. 
Колеус Ренельт (Сoleus rehneltianus) – ампель хэлбэрийн унждаг хагас бутархаг ургамал. 
Гадаадад ихэнхдээ нэг наст гэж ургуулдаг. Манайд ч гэсэн хот тохижилтод гудамжинд ургуулдаг болсон байналээ. Өнгөрсөн зун хуучнаар "Ард" кинотеатрын өмнөх талбайг халагнайгаар чимсэн байсан. 
АРЧИЛГАА
Агаарын дулаан: Агаарын хэм +12 С-ээс доош бууж болохгүй.Зун + 16-22°С байх нь тохиромжтой, үүнээс халуун нөхцөлд сайн шүрсэж, агаарын чийгшэлтийг ихэсгэх хэрэгтэй. Өвөл гэрэл муу байдаг тул сэрүүн өвөлжүүлэх хэрэгтэй +15-18°С. Бүүр сэрүүн орчинд навчаа гөвнө. 
Агаарын чийгшэлт: Агаарын чийгшэлт өндөр байхад дуртай. Эх нутаг нь халуун орны ширэнгэн ой тул халагнай чийгтэй орчинд дуртай. Хавар-зун навчийг зөөлөн, жаваргүй усаар шүрсэж байна. Өвөл сэрүүн газар байлгаж байгаа бол шүрсдэггүй. Халуун өрөөнд байгаа бол шүрсэх хэрэгтэй. 
Гэрэл: Гэрийн нөхцөлд хамгийн гэрэлтэй газар байрлуулна, харин гадаа ил талбайд ургуулах бол сүүдэрлэг газар тарьна. Хэт тод наранд үзэмж нь мууддаг. Сүүдэрт гэрэл дутагдвал навчны алаг эрээн өнгө алга болно, мөн иш, мөчир сунаж урт ургаад үзэмжинд муугаар нөлөөлнө. Гэрэл хангалттай байвал навчны алаг хээ хадгалагдааг ба илүү тодорч гарна, мөн мөчир иш сунахгүй.
Усалгаа, бордоо: Хавар, зун маш сайн болон ойр ойрхон усална. Саванд ургуулж байгаа бол хөрс байнгын чийглэгдүү байна. Услахдаа заавал жаваргүй, бүлээн, зөөлрүүлсэн усаар, тохируулж услана, хэтрүүлж болохгүй. Савтай цэцгийг чийгтэй хайрга, керамзит дээр тавьбал агаарын чийгшэлт ихэснэ. 15-20 хоногт нэг удаа усанд шингэн минерал бордоо хийж услана (10 мл бордоог нэг хувин усанд хийж найруулна). Өвөл цэцэг амарч байгаа тул усалгааг багавтар хийнэ. Гэхдээ хөрсийг бүр хатааж болохгүй.
Идэвхтэй ургалт үед (хавар-зун) органик болон минерал бордоогоор (азот илүү агуулсан) долоо хоногт нэг удаа бордно. Өвөл сард нэг удаа 2 дахин сул найруулсан бордоо хэрэглэнэ. Эсвэл огт бордорхгүй байж болно. 
Шилжүүлэн суулгалт: Олон наст болгож ургуулж байгаа бол хавар бүр. шилжүүлж суулгана. Шилжүүлж суулгахын өмнө сайн тайралт хийж болно. Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэнэ. Шилжүүлж суулгахдаа хуучин үндсийг тайрч богиносгоно. Шинэ саванд суулгахдаа доош суулгаж, мөчирний доод хэсгийг булж өгнө. Үүнээс шинээр үндэс гарч ургадаг.
Мөчирний үзүүрийг чимхэдэг, цэцгийн бундууг авч хаядаг. Ингэснээр том том навч олноор ургаж өтгөн, саглагар буттай болдог. 
Цэцэглэлт: хаяа цэцэглэдэг. Хэрэв хөрс тэжээлгүй болсон, эсвэл усалгаа дутсан, тохирохгүй хөсртэй зэрэг тохиолдолд өнгөгүй жижигхэн цэцэг гаргадаг. Цэцэглэлт нь ургамлын бүх хүчийг авдаг (хөгжилт зогсно, ургахаа больно, навч жижгэрнэ) тул цэцэг бүрэлдэж байхад нь тайрч байх хэрэгтэй.
Хөрс: ширгэн, навчин хөрс, элс. Цэцгийн савны хэмжээ ургамлаас шалтгаална. Хэт ургаад томроод байвал жилдээ хэд хэд савыг томосгож шилжүүлж суулгадаг. 
Үрслүүлэх арга: Үрээр ихэнхдээ, цөөн тохиолдолд мөчрөөр.
Үрээр: Үрийг 1-3 сард чийгтэй хөрсөнд суулгана. Үрийг аль болох бие биенээс нь хол цацна. Халагнайн үрний ургах чадвар маш өндөр тул 100% гарч ирдэг. Услахдаа ус шүрсэгчээр шүрсэнэ. Вакумдаад гэрэлтэй газар байрлуулна.
Үрсэлгээний сав доороо илүүдэл ус урсах нүхтэй байх ёстой. Илүүдэл ус тогтож удаан саванд байж болохгүй - үр үхдэг. Үрсэлгээ байх агаарын дулаан + 20-22 С. Амархан ургадаг. Үрсэлгээ томроод ирэнгүүт нэг нэгээр нь тусгаарлаж суулгана. Ургах явцад нь савыг томосгож байна. Үрээр суулгахад эх ургамлыг 100% давтдаггүй, иймд маш ховор цэцгийг мөчрөөр үрслүүлж авч үлдэж болно. Томорсон үрсэлгээг эхлээд нэг удаагийн стаканд салгаж тусгаарлана. 5-6 долоо хоногийн дараа 7-9 см диаметртэй саванд шилжүүлж суулгана. 
Мөчрөөр: Хавар, зуны турш залуу мөчрийг тайрч авч усанд үндэслүүлнэ, эсвэл хөрсөнд суулгана. Хөрс: навчин хөрс, элс. Үрсэлгээг + 18-20С хэмтэй, дунд зэргийн чийгшэлттэй, агаарын солилцоо сайн газар байрлуулна. Үндэслэнгүүт байнгын саванд суулгана.
7-10 хоногийн дотор үндэслэдэг. Үндэс хурдан хөгжиж ургадаг. Үндэслэсэн үрсэлгээг 7-9 см диаметртэй саванд суулгана. Шинэ мөчрүүдийг чимхэнэ, тэгэснээр хажуугийн мөчирнүүд сайн салаалж ургана. Эндээс уншина уу: "Асуултын хариуд: Чимхэлт гэж юу вэ?"
Өвчлөлт, хорхой шавьж: Колеус нь аалзан хачиг, ширхт баригддаг. Системтэй, давтамжтай хор цацаж устгана. Гэмтсэн хэсгүүдийг тайрч хаяна.

 Үрслүүлэх, тайралт хийх тухай хэдэн видео:



Энэ юу гэдэг цэцэг вэ?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Энэ юу гэдэг цэцэг вэ? Одончимэг, Хэнтий аймаг
Ирүүлсэн зураг дээр Паслён (латинаар Solánum) байна аа.
Нийт 1500 төрөл байдаг. Хавар жижигхэн цагаан цэцэг гаргадаг, өвөл тэр нь улбар шар - улаан жимс болдог. Айхтар арчилгаа шаарддаггүй, гол нь өвөл сэрүүн байлгах ёстой. Жижигхэн бут нь яваандаа хэдэн тийш хэлбэргүй ургаж үзэмжгүй харагдна. Маш амархан үр авч болдог тул үзэмжгүй болсон бутыг хаяаад үрээр шинээр ургуулсан нь дээр. 
Жимсийг идэж болохгүй - хортой. Бага насны хүүхэдтэй айлд байх дэмий - болгоомжтой байхгүй бол хүүхэд идэж хүчтэй хордлогод орж болно.

Паслены нэг овогт төмс (Solanum tuberosum), хаш (Solanum melongena) мөн улаан лооль зэрэг ордог. Тасалгаанд чинжүүн хэлбэртэй Solanum capsicastrum, Solanum pseudocapsicum зэрэг ургуулдаг. Эдгээр нь үзэмжтэй өнгө өнгийн жимс гаргадаг тул гэрт их ургуулдаг байна. Паслен – ихэвчлэн олон наст байдаг, хаяа нэг наст тааралддаг. 
Төрөл 
Паслен жасминан /3-4 м өндөр ургадаг бут/
Паслен аврага том /5-6 м өндөр ургадаг бут/ 
Паслен Зеафорт /4-6 м өндөр, ороож ургадаг бут/ 
Паслен Вендланд /ороож ургадаг 4-6 м хүрдэг бут/
Паслен буржгар /ороож ургадаг/
Паслен "хуурамч чинжүү" /Монголд хамгийн их дэлгэрсэн сорт/
Паслен чинжүүн хэлбэрт
Паслен чинжүүн 'Variegata'
Арчилгаа
Хоёр төрлийг л тасалгаанд ургуулдаг байна.  
Паслены цэцгийг хиймлээр тоос хүртээж жимсийг амархан гаргаж авч болно. Эсвэл сайн салхилдаг газар байрлуулж тоос хүртээж болно. Мөн зундаа гадаа гаргаж тавьбал илүү тохирно. 
Өвлийн сүүл гэхэд жимс гүйцэт боловсорч, навч шарлаж эхэлдэг, энэ үед сайн тайралт хийж богиносгоод, шинэ хөрсөнд шилжүүлж суулгана. 
Байршил
Паслен гэрэлд маш дуртай, тод гэрэлд сайн ургадаг, зуны маш халуун хурц нарнаас харин хамгаалж байх хэрэгтэй. 
Гэрэл
Паслен гэрэлд дуртай ургамал, тод гэрэлд сайн ургадаг, зуны халуун хурц нарнаас хамгаална.
Агаарын дулаан
Зун сэрүүвтэр, + 18-25°С хэтрэхгүй байвал сайн. Намар - өвөл хүйтэн сэрүүн орчинд байлгана + 12-15°С, доод тал нь + 10°С. Ингэж өвөлжүүлэхэд илүү жимс гаргана. Намар - өвөл цонхны хүйтэн агаараас салхи авч өвчилдөг, хүйтэнд мэдрэмтгий. Гэхдээ цэвэр агаар зайлшгүй шаардлагатай. 
Агаарын чийгшэлт
Тогтмол шүрсэж байх хэрэгтэй. Орчны агаарын чийгшэлтийг ихэсгэх хэрэгтэй: доор нь чийгтэй керамзит, устай сав тойруулж тавих гэх мэт. Агаарын чийгшэлт 65% байх ёстой. Өдөр бүр усаар шүрсэнэ. Мөн доор нь устай поднос, чийгтэй керамзит, хайрга дээр тавьж болно. Ингэхэд савны ёроол усанд хүрч болохгүй.
Усалгаа
Идэвхитэй ургалт үед хөрсийг байнга чийгтэй байлгана. Өвөл бараг услахгүй. 4 - 9 сарын хооронд их усална. Хөрсний дээд хэсэг хатаж эхлэхэд дараагийн усалгааг хийнэ. Тасалгааны нөхцөлд (10 - 2 сарын хооронд) албадлагаар амрах болдог. Учир нь гэрэл бага, агаарын чийгшэлт бага, иймд 10 сард пасленыг гэрэлтэй, сэрүүн, чийг ихтэй өрөөнд байрлуулна. Ийм нөхцөлд усалгааг бага хийнэ. 2 сард шинэ нахиа гарч ирэхэд усалгааг ихэсгэдэг.
Бордоо
5 сараас 9 сар дуустал 2 долоо хоног бүр цэцгээр гоёдог ургамлуудын шингэн бордоогоор бордно. Мөн улаан лоольны бордоо хэрэглэж болно.
Хөрс
Хөрс ширгэн, навчин, хүлэрт хөрсийг ижил хэмжээгээр авч хэрэглэнэ. 
Шилжүүлэн суулгалт
Жил бүр 2 сард. Хөрс: 2 хэсэг шаварлаг хар шороо, 2 хэсэг ялзмаг, 1 хэсэг навчин болон 1 хэсэг элс. Сайн дренаж доор нь хийж өгнө.
Үрслүүлэх арга
Мөчрөөр 3-4 сард, мөн үрээр.
Үрийг хавар хөрсөн дээр ил цацаж суулгана. Дээгүүр нь том ширхэгтэй элс цацна. Үрслүүлэх өрөөний хэм +20-22°С, дээгүүр нь гялгар уутаар бүтээнэ. 14-15 хоноод соёолдог. Ургах явцад хоёр удаа тусгаарладаг. Заавал чимхэлт хийнэ. Сайн салаалж мөчирлүүлэхийн тулд зуны турш хэд хэдэн удаа тайрдаг.
Хавар, зун мөчрөөр үрслүүлж болно. Чийгтэй элс, перлит, эсвэл хүлэрт хөрс, элс адил хэмжээнд авч суулгана. Үндэслэнгүүт заавал шууд чимхэнэ. Сайн ургуулахын тулд зуны турш хэд хэд тайрна.

Тайралт
Өвлийн сүүлээр нийт өндөр/уртын 1/2 богиносгоно. Намар харин цэцэглэхгүй байгаа мөчирнүүдийн үзүүрийг чимхэх хэрэгтэй. 
Өвчлөлт, хорхой шавьж 
Цагаан ялаа болон ширхэнд баригддаг. 3 өдрийн давтамжтай хор цацаж устгана, гэмтсэн цэцэг, навчийг түүж авна. Хэт хуурай агаарт аалзан хачиг гарч ирдэг.
http://greenhome.org.ua


Эухарис маань бундуулжээ!

Ажил дээр байдаг эухарис маань 4 сар таг дуугуй байснаа 5 хоногийн өмнө шинэ навч гаргаад нийтдээ 6 навчтай болов. 2011 оны хавар анх 3 навчтай байхад нь авч байсан юм. Харин сая харсан чинь бундуулсан байна! 
Ойрын 1-1,5 жил цэцэг гарахгүй байх гээд тоохгүй байсан чинь ямар их баярлуулав аа. Одоо ч бордоод байдаг хэрэг. Урд нь мөд цэцэг гаргахгүй юм чинь гээд навчаар гоёдог ургамлын азот илүү орсон бордоо хийдэг байв.  Навч нь далбаасан 60 см урт, 18-20 см өргөн. Зун 7 сард, 9 сард нэг нэг том навч гаргаж нийт 5 навчтай болоод. 10 сараас хойш бүүр таг байж байгаад сая  шинэ навч гаргасан юм. Байршил огт солиогүй, хөдөлгөөгүй, эргүүлээгүй. Ажлын өрөө хуурай агаартай, хэт дулаахан, бараг халуун гэж хэлж болно. Хаяа нэг шүрсэнэ, навчны тоосыг арчина. Хийсэн арчилгаа ийм л байв. Одоо ч гоё цэцэг  хүлээгээд суучихна аа.    


January 29, 2012

Хамгийн том цэцэгтэй ийвс


АСУУЛТ - АРИУЛТ: "Русский размер" гэдэг том цэцэгтэй хятад сарнайны үр авлаа. Яаж суулгах вэ?
Гибискус буюу Ийвс гэдэг ургамлыг хэд хэдэн төрөлд хуваадаг. Хятад сарнай гэдэг нь нэг төрөл нь. Зураг дээрх цэцэг бол хятад сарнай бол биш.
Newbiscus нэртэй энэ гибискусын цэцэг 25-30 см диаметр хүрдэг. Хүйтэнд тэсвэртэй гэдэг ч манайх шиг - 40°С хэмтэй өвлийг даахгүй. Зөөлөн өвөлтэй газар бол цэцэрлэгт ил ургуулаад байж болно. Өвөл хатаад, хавар өөрөө ургаад гараад ирдэг.  
Энэ маш хурдан ургадаг цэцэг. Иймээс  хүйтэн өвөлтэй ОХУ-д цэцэгчид нэг наст болгож тарьдаг байна. Мөн тасалгаанд олон наст болгож ургуулж болно. 
Одоогоор нийт 4 төрлийн цэцэг гаргаж авсан байна. Цаашид шинэ гибрид, ялангуяа хүйтэнд тэсвэртэй сортууд гаргаж авах дээр ажиллаж байгаа. Олон улсын маш олон шагнал авсан цэцэг. 
Арчилгаа
- Хөрсийг хатааж болохгүй, байнгын чийглэгдүү байна. 
- Гэрэлтэй, нарны шууд тусгалаас хамгаалсан газар байрлуулна.
- Энэ ургамал жил ирэх тусам хэмжээ нь томордог гэдгийг санах хэрэгтэй. 
- Тэжээллэг, гумус, ялзмагтай, хөвсгөр хөрсөнд сайн ургадаг.
- Цэцэгний хажууд алим, эсвэл ямар нэгэн өөр жимс тавьж болохгүй. Жимс ногоо этилэн агаарт ялгаруулдаг тул цэцэг хорддог, амархан үхдэг. 
- Зун нэг наст болгож гэрэлтэй, нартай, салхинаас хамгаалсан нөмөр газар ургуулна. Саванд тарьж байгаа бол зун тагтан дээр, эсвэл гадаа гаргаж болно. Мөн л салхинаас хамгаалж  байрлуулна. 
Усалгаа
- Долоо хоногт 2-3 удаа. Хөрс хатааж болохгүй.
Бордоо
2 долоо хоног нэг удаа цэцгээр гоёдог ургамлын бордоогоор.
Муудсан цэцэг
Муудаж эхэлсэн цэцгийг шууд авч хаяж байна. Энэ нь дараа гарах цэцгийг удаан байлгадаг ба муудсан цэцэгнээс амархан үүсдэг халдвар өвчлөлтөөс сэргийлнэ. 
Чимхэлт
Ургамлын хэмжээг барих үүднээс чимхэлтийг хавар 5 сард хийнэ. Сайн үр дүнтэй болгохын тулд хоёр дахь хос навч гарч ирэнгүүт чимхэх хэрэгтэй гэдэг.
Манай цэцгийн дэлгүүрүүдэд зарагдаж байгаа орос үр (зураг дээрх) дотроо 3 үртэй. Уутан дээр бичсэнээр бол 3 өөр өнгөтэй цэцэгтэй. Цэцэглэлт нь 7 сараас 9 сар хүртэл. Дулаанд дуртай. Хөрсөнд 2 сард суулгадаг. Хөрс хөнгхөн, тэжээллэг байх ёстой. Үр суулгахдаа үндэслүүлэгчийн (жишээ нь, Эпины) уусмалд дэвтээнэ, дараа нь тэжээллэг хөрсөнд 0,5 см гүн суулгана. Хэт гүн суулгах хэрэггүй. Шинэ үр 5-7 хоноод соёолдог.
Нарны шууд тусгалаас эхний саруудад хамгаална. Дээгүүр нь гялгар уутаар бүтээгээд дулаан +25°С газар байрлуулна. Хэрэв зусланд, хашаандаа ил ургуулах бол 5 сарын сүүлээр задгай хөрсөнд шилжүүлж суулгана. Нар их тусдаг, салхинаас хамгаалсан газар сонгоно. Бут хоорондын зай 30-40 см. 
Саванд ургуулах бол маш сайн дренаж хийж өгнө. 7-8 сард цэцэглэж эхэлдэг. Харамсалтай нь энэ том цэцэг нэгхэн өдөр цэцэглээд унадаг. Гэхдээ нэг бутнаас маш олон бундуу гардаг тул сайн бордож арчилбал тасралтгүй цэцэгтэй байдаг. 
Ил задгай хөрсөнд суулгасан гибискус илүү өндөр бут болдог (1,5 метр өндөр), мөн гарах цэцэгний хэмжээ 25-30 см том байдаг.
Би бас энэ цэцэгний үртэй болсон. Энэ цэцэгний үрийг бэлэглэсэн Байгалмаа эгчдээ баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе!
http://www.gardenia.ru, http://www.newbiscus.com/, http://www.ncsemena.ru, http://www.ifrusogorod.ru,  http://zayceva.blogspot.com/


January 28, 2012

Стрелиция

Диваажингийн шувуу буюу Стрелиция нь халуун орноос гаралтай, гэртэй уургуулахад маш сонирхолтой цэцэг. Тод улбар шар, цэнхэр гялгар цэцэгтэй ба мөн цагаан өнгийн (Strelitzia nicolai, Strelitzia alba) гэж байдаг байна. 
Стрелиция нь Zingiberales (Цагаан гаа) овгийн Strelitziaceae бүлд багтдаг. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Нийт 5 төрөл байдаг. Энэ ургамлыг Английн хатан хаан Шарлоттад (1744-1818) зориулж нэрлэсэн гэдэг.
Виктория хатан хааны эмээ болох Шарлотта нь Английн хаан Георг III-ын гэргий болохын өмнө София Шарлотта Мекленбург-Стрелитц гэх өндөр боловсролтой нэгэн байжээ. Тэрээр урлагийг дэмждэг байсан байна. Иоганн Себастьян Бахын шавь байсан. Мөн Моцартад бүхий л аргаар тусладаг, тухайн үеийн чадвартай зураач, хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийг тэтгэдэг байж гэнэ. 
Шарлотта хатан хааны өөр нэг сонирхдог зүйл нь ургамал судлал байжээ. Шинээр нээсэн ургамал, Европт урд нь мэдэхгүй, экзотик содон цэцгэнд илүү анхаарал тавьдаг байсан байна. 
Шарлотта хатан хааны хийсэн том зүйлүүдийн нэг нь - "Хааны ботаникийн хүрээлэн" юм. Өнөөдөр энэ нь UNESCO-д бүртгэлтэй дэлхийн өв болж үлджээ. Иймд тус хүрээлэнд өөрийнх нь нэрээр нэрлэсэн цэцгийн бүх 5 төрлийг хүндэтгэлтэйгээр ургуулсан байдаг байна.
Стрелицияг эх нутагт нь "тогоруу" гэж нэрлэдэг байна. Бусад газар үүнийг "Диваажингийн шувуу" гэж дууддаг. Strelitzia reginae буюу хаан стрелиция – хамгийн их тархсан төрөл нь. 
Strelitzia reginae - өвсөрхөг ургамал. Хөгшин ургамал маш олон цэцэг гаргадаг ба намар, өвөл, хавар гээд удаан хугацаагаар цэцэгтэйгээ байдаг байна.
Стрелиция наранд дуртай, мөн хагас сүүдэрхэг газар ургаж чадна. Усалгааг жилийн турш сайн хийнэ. Хар шороолог хөрсөнд дуртай, минерал бордоо болон ялзмагаар бордно. Хөрсөнд айхтар их шаардлага тавьдаггүй, мөн хүчтэй садхинд тэсвэртэй.
Гэхдээ хүйтэнд маш мэдрэмтгий, бага үэргийн хүйтэнд навч нь хайрагдаж үхдэг. Иймээс манайх шиг оронд зөвхөн дулаан гэрт ургуулна. 
Үрслүүлэх арга: үрээр болон үндэс хуваах аргуудаар үржүүлж болно. Zingiberidae - Цагаан Гааны хэсэгт багтдаг бүх ургамлуудын адил үндэс маш сайн хөгжсөн, махархаг, бүдүүн. Ургалт маш удаан. Үндсээр хуваасан тохиолдолд таслаж салгасан жижиг бут нь 2 жилийн дараа хүч орж цэцэглэдэг бут болж ургадаг. 
Үрээр суулгах: Жилийн ямар ч улиралд хэзээ ч суулгаж болно. Үрээр ургуулах нь ажиллагаа ихтэй, хугацаа шаардсан ажил. Сайн үрсэлгээ гаргаж авахын тулд үрийг нь авч буй эх цэцэг 3-5 настай байх ёстой. Суулгахын өмнө үрний үзүүрт байгаа тод улбар шар өнгийн бүрхүүлийг нь салгах ёстой.
Дараа нь үрнүүдийг 12-24 цаг бүлээн усанд, эсвэл үндэслүүлэгч бодисонд дэвтээнэ. Суулгах савандаа сайн дренаж хийж өгөөд, үрнүүдээ суулгана. Суулгах гүн 0.5-1 см. Үр соёолох тохиромжтой дулаан +25 С. Үүнээс сэрүүн орчинд ургалт удааширдаг. 7-8 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсон үр нь ургаад 3 навч гаргангуут байнгын саванд шилжүүлж суулгана. Савны ёроолд заавал зузаан дренаж хийж өгнө. ("Дренаж гэж юу вэ?")
Үрсэлгээг эхний жил сүүдэрт байлгана. Нарны гэрэл залуухан навчнуудыг түлдэг. Ургах явцад савыг томосгож өгвөл ургалт хурдан байдаг. Шилжүүлж суулгахдаа маш болгоомжтой, үндэс гэмтээлгүй хийнэ. Буруу хийвэл ургалт зогсоно, эсвэл үхэж болно.
Хоёр дах жилээс нь натрай цонхон дээр байрлуулж, сайн услаж, бордож, зайтай газар ургуулна.  Үрээр суулгасан стрелиция 3 дахь жилдээ үзэмжтэй болж эхэлнэ, 4 дэхь жилээсээ цэцэглэдэг. Наргүй газар байвал цэцэгний тод өнгө бүдгэрнэ. Зун гаргаж болно. Шууд задгай гэрэлд гаргаж болохгүй, бага багаар бэлтгэж дасгаж байж гаргана. Навч гэмтэх аюултай. 
Зун хөрс жигд чийглэг байна. Өвөл харин хөрсийг хатаах хэрэгтэй. Шингэн бордоо услах усанд хийж хэрэглэнэ. 
Бага зэрэг жижгэвтэр саванд илүү ургадаг, мөн цэцэглэх нь илүү тансаг, олон байдаг. Жил бүр шилжүүлж суулгахын өмнө хөрсний дээд хэсгийг хусаж, шинэ хөрсөөр дүүргэж болдог. Шилжүүлэн суулгалтыг хэрэгцээ гарсан үед д хийнэ. 
Үрсүүлэхдээ бут хуваах аргыг хэрэглэх нь дээр байдаг. Гарах цэцэг нь улам том болдог, гэхдээ шилжүүлж суулгаснаас болж маш их стресст ордог тул үүнийг 1-2 жилийн дараа л давтаж болно. 
Хорхой шавьжнаас аалзан хачиг, өт, "щитовкага" үүрэлдэг. Савантай бүлээн усанд норгосон алчуураар навчнуудыг ар өвөргүй арчина. Навчны ёроол хэсгийг арчих хэцүү байдаг, гэхдээ заавал арчих хэрэгтэй. Халдвар, өвчдөдт болон хорхой шавьж энэ хавьд илүү үрждэг юм. Цэцгийг баглаанд тайрах бол удаан амьд хадгалагддаг (1 сар хүрдэг). Өвөл сэрүүн өвөлжүүлнэ. Бордоог 2 долоо хоног нэг удаа цэцгээр гоёдог ургамлын бордоогоор.
Олон наст, 200 см хүртэл өндөр ургадаг ийм ууттай орос үр дотроо 3 ширхэгтэй. Үр худалдан авахдаа хугацааг нь сайн анхаарна. Аль болох шинэ үр авна. 
Үрийг хүйтэн нөхцөлд амраах хэрэггүй. Улбар шар сүүл нь үрний нэг хэсэг. Суулгахын өмнө тасдаж авах ёстой. Дэвтээхдээ цэвэр ундны бүлээн усанд хийнэ. Суулгахдаа жирийн хар шороотой, элстэй 1:1 хөрс авна. Суулгахын өмнө үрийг зүлгүүр цаасанд үрэх, эсвэл бага зэрэг цуулж өг гэсэн байдаг. Гэхдээ үрээ гэмтээхээс болгоомжлоорой. Заавал цуулах ёсгүй, өөрөө ургаж чаддаг гэдгийг санаарай. 
2 сартай үрсэлгээ 


Аспарагус - Хэрээ нүд / Үүлэн цэцэг

Аспарагус, мөн Спаржа нь монголоор "Хэрээ нүд" гэх боловч "Үүлэн цэцэг" гэсэн нэрээр олны дунд танигдсан. Ихэнхи нь үүнийг ойм (папоротник)-той андуурдаг.
Аспарагус (Asparagus) нь Asparagaceae овогт багтдаг, олон наст үндсэрхэг ургамал. Ургах хэлбэр - өвс, мөлхөө унждаг, хагас бут. Уугуул нутаг - Өмнөд Америк, Африк, Ази.
Ихэнхи аспарагус навчгүй. Навчны оронд зүү шиг мөчир байдаг. Үндэс хавтгай байрлалтай. Аспарагус нь тодорхой хэмнэлээр ургадаг. Эхэн үедээ хөрсөн доор ургамлын бүх хэсгүүд бүрэлдэж бий болдог. Дараагийн үед нь дээшээ урт иш, мөчир ургана. Гэхдээ шинээр салаалсан мөчир, навч гардаггүй. Хэрэв бусад ургамлыг чимхэж, тайрхад тоохгүй цааш ургаад байдаг бол аспарагусын төрлийнхний ургалт зогсдог. Үндэс дахиад ургалт үед бэлдэж эхэлдэг тул хөрсөн дээрх хэсэг мөддөө ургахгүй. Энэ онцлогийг нь мэдэх хэрэгтэй байдаг. 
Аспарагус үүлэн (Asparagus plumosus)
Аспарагус үүлэн (Asparagus plumosus) – сайн салаалдаг хагас бутархаг ургамал. Цагаан цэцэгтэй, жимс нь хар цэнхэр өнгийн, дотроо 1-3 үртэй. 
Аспарагус нарийхан (Asparagus benuissimus) "Үүлэн аспарагустай" төстэй, мөчирний урт 1,5 м хүрдэг.
Аспарагус Шпренгерийн (Asparagus sprengeri)
Аспарагус хэлбэртэй Аспарагус 
Аспарагус медиолойдес (Asparagus medioloides)
Аспарагус багцалсан (Asparagus racemosus)
Аспарагус хадуур хэлбэрийн (Asparagus falcatus)
Арчилгаа
Аспарагус үүлэн
Гэрэл
Аспарагус маш тод гэрэлтэй, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалсан (Шпренгерийн аспарагусаас бусад нь) газар байрлуулна. Зүүн болон баруун зүгийн цонхон дээр тохирдог. Зун тагтан дээр, эсвэл задгай агаарт гаргаж тавих хэрэгтэй. Гадаа байрлуулахдаа хагас сүүдэрхэг газар тавьна. Намар-өвлийн дараа тод гэрэлд гаргахдаа аажмаар дасгаж байж гаргана. 
Аспарагус 'Meyeri'
Агаарын дулаан
Аспарагус + 20-25°С хэмтэй өрөөнд ургадаг. Хэт халуун газар удаан байлгавал үхдэг. Өвөл агаарын дулааныг багасгаж + 12-15°С хэм хүргэх хэрэгтэй, энэ үед усалгааг багасгана, гэхдээ хөрс бүр хатааж болохгүй. Хэрэв өвөл халуун дулаан газар байгаа бол халзарсаар байгаад хатдаг. 2 сараас шинэ нахиа гарч, яваандаа буцаад ногоон бүрхүүлтэй болдог. Энэ үеээс эхэлж усалгааг ихэсгэдэг. 
Агаарын чийгшэлт 
Аспарагусы усаар шүрсэхэд маш дуртай. Үүнийг бүх улиралд хийж өгөх хэрэгтэй. Ялангуяа авал дулаан газар байлгаж байгаа бол. Үе үе шүрсүүрт оруулж угааж байна.
Усалгаа
Зун сайн усална, гэхдээ илүүдэл ус гархаагүй тохируулж. Усалгаа хооронд хөрс бүүр хатаж болохгүй. Өвөл аспарагус сэрүүн газар байгаа бол усалгааг багасгана, гэхдээ хөрс хатаах ёсгүй.
Бордоо
Аспарагусыг хавар, зуны улиралд долоо хоног бүр, харин өвөл сард нэг удаа органик эсвэл минерал бордоогоор бордно. 
Хөрс
Тохирох хөрс — ялзмаг, навчин хөрс, том ширхэгтэй элс (1:1:0,5 харьцаатай) эсвэл ширгэн хөрс, ялзмаг, навчин хөрс, элс (2:2:2:1) гэж авч болно. Хөрс бага зэрэг хүчилтэй (pH5,5-7,0) байна.
Шилжүүлэн суулгалт
Аспарагус амархан ургадаг, иймээс жил бүр том саванд шилжүүлж суулгана. Шилжүүлж суулгахдаа үндэсийг тайрч багасгана, мөн халзарсан хуучин мөчирнүүдээс салгана. Энэ нь шинэ эрүшүл мөчир ургахад нөлөөлдөг. Хөгшин цэцгийг 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгаж болно. үндсэ маш амархан томорч ургадаг. Сав багадаж эхлэхэд хагалж гарч ирдэг. 
Үрслүүлэх арга
Аспарагусыг үрээр болон мөчрөөр, үндэс хувааж гэсэн аргуудаар үрслүүлдэг. Үрийг 1-3 сарын хооронд элс, хүлэртэй чийглэг хөрсөнд суулгадаг. + 21°С хэмтэй газар байрлуулж, гялгар уутаар бүтээнэ, байнга шүрсэж, агаар оруулж байна. Нэг сарын дараа соёолдог. 7-10 см өндөр ургаад ирэнгүүт тусгаарлаж салгана. Зуны эхээр тус тусад нь 10 см жижиг саванд суулгана. 
Дараагийн арга - шилжүүлж суулгах явцад хөгширсөн бутыг хуваах.
Мөчрөөр үрслүүлэхдээ 3 сард тайрч чийгтэй элсэнд суулгана. Дээгүүр нь бүтээж вакумдна, байнга шүрсэж агаар оруулж байна. Мөчир 4-6 долоо хоноод үндэслэнэ. Үндсэ гарсны дараа  салгаж тус тусад нь тохирох хэмжээний саванд суулгана. 
Хорхой шавьж, өвчлөлт
Хамгийн их үрждэг нь ширх, аалзан хачиг, "щитовка".
Аспарагус хатаж, шарлаж, навч нь унадаг – усалгаа багадсан, агаар хэт хуурай, эсвэл ургамлыг наранд ил тавьснаас болдог. 
Доод усалгаа хийх нь илүү тохиромжтой. Агаарын чийгшэлтйиг ихэсгэж доор нь чийгтэй керамзит, подностой ус зэрэг тавьж, навчийг шүрсэж байна.
АНХААР! Аспарагусын жимс хортой!